Засгийн газраас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлээд байна. Хуулийн төсөлд виртуал хөрөнгө гэж “Аливаа улсын албан ёсны мөнгөн тэмдэгт, үнэт цаасны дижитал хэлбэр, эсхүл Монголбанкны зөвшөөрөлтэй цахим мөнгөнөөс бусад дижиталаар шилжүүлэх, арилжаалах боломжтой төлбөрийн, эсхүл хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах үнэ цэнийн дижитал илэрхийлэл бүхий эдийн бус хөрөнгийг хэлнэ” гэж тодорхойлжээ. Энгийнээр тайлбарлавал, виртуал хөрөнгө гэж цахим орчинд үүсгэж, хөрөнгө оруулалт, арилжааны хэрэгсэл болгож буй зүйлийг хэлж буй юм. Бидний сайн мэдэх виртуал хөрөнгө бол биткойн билээ. Мөн “Ард санхүүгийн нэгдэл” компани ардкойн гаргаж, охин компаниудаасаа авсан үйлчилгээний бонус болгон олгож буй. Энэ нь арилжааны хэрэгсэл болж, тодорхой ханш тогтсоныг бид мэднэ. Нөгөөтээгүүр, виртуал хөрөнгө болсон гэсэн үг.
Монголын зах зээлд одоо биткойн олборлон арилжиж байгаа. Хаана, хэн биткойн олборлож буйг тодорхойлсон нарийн судалгаа байхгүй. Гэвч trade.mn цахим хуудсаар дамжуулан биткойн арилждаг болсон. Үүнээс гадна Улаанбаатарт биткойны АТМ нэг ширхэг ажилладаг. Ардкойныг “Ард” аппликэйшнээр дамжуулан иргэд өөр хоорондоо арилжиж байна. Монголд биткойн, ардкойн эзэмшиж буй хүн бол виртуал хөрөнгө эзэмшигч юм. Виртуал хөрөнгийн худалдан авч, ханшийнх нь зөрүүнээс ашиг олж, алдагдал хүлээж буй нь санхүүгийн харилцаанд оролцож байгаа хэлбэр. Тиймээс виртуал хөрөнгө эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдийг эрсдэлээс хамгаалахын тулд эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн учир дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Дэлхий нийтэд блокчэйн технологид суурилсан криптовалют олныг гаргах болсон. Криптовалютыг ихэнх тохиолдолд төлбөрийн биш, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор үнэт цаас шиг хөрөнгө оруулалт, арилжааны хэрэгсэл болгож байна гэсэн үг. Хэдийгээр зарим оронд хориглож буй ч криптовалют олборлож, койн гаргах хандлага олон улсад газар авах нь тодорхой болжээ. Тиймээс улс орнууд хууль баталж, зохицуулалт хийх болсон.
Үүнээс гадна Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ-аас гаргасан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын 15-д орсон өөрчлөлтөөр тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь виртуал хөрөнгөд нэгэн адил үйлчлэхээр тогтсон юм. Тодруулбал, ФАТФ-ын 40 зөвлөмжийн 15-д ийнхүү өөрчлөлт оруулсан хэрэг. Манай улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гараад удаагүй байна. Тус байгууллагын 40 зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж буйгаа 2023 онд дахин тайлагнана. Энэ үед виртуал хөрөнгийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлсэн байх шаардлагатай. Тэгэхээр дээрх хуулийг батлах нэг том шалтгаан нь ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх юм.
Виртуал хөрөнгөөр дамжиж, ихээхэн мөнгө эргэлдэх болжээ. Криптовалютын нийт зах зээлийн хэмжээ 2018 оны эцсийн байдлаар 130.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Улмаар өдрийн дундаж гүйлгээний дүн нь 14.9 тэрбум ам.доллар болсон аж. Бидний мэдэх биткойн нийт криптовалютын зах зээлийн 51 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийд гаргасан нийт виртуал хөрөнгийн тал нь биткойн гэсэн үг. Ихээхэн хэмжээний мөнгө санхүү виртуал хөрөнгөөр дамжих болсон учраас ФАТФ хяналтдаа байлгах шийдвэр гаргах нь зүйн хэрэг.
Хуулийн төсөлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь аж ахуйн нэгж байхаар тусгажээ. Тус аж ахуйн нэгж нь Санхүүгийн зохицуулах хорооноос журамлах шалгуур, шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл авна. Товчхондоо, Монгол Улсад шинэ тутам үүсэж, хөгжиж буй виртуал хөрөнгийн зах зээлийг Санхүүгийн зохицуулах хороо зохицуулна гэсэн үг. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компанийг хэн дуртай нь удирдахгүй. Компанийн тухай болон шинээр батлах Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд тусгасан шаардлагыг хангасан хүн байна. Ийм төрлийн үйлчилгээ үзүүлэх компани нь санхүүгийн эрсдэл даах чадвартай байх учиртай. Тиймээс тодорхой хэмжээний хөрөнгөтэй байх шалгуур тавих аж.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос боловсруулах дүрэм журмын хүрээнд ажиллахаас гадна мэдээлэх үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд сэжигтэй тохиолдол гарвал журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлж байна гэсэн үг.
Түүнчлэн ийм үйлчилгээ үзүүлэгч компани виртуал хөрөнгийг хооронд нь солих, хөрвүүлэх, бэлэн мөнгөөр арилжиж, төлбөр тооцоо хийх мэдээллийн технологийн систем бүрдүүлсэн байхыг хуульчлах нь. Уг систем нь иргэн, аж ахуйн нэгжийн виртуал хөрөнгийг хадгалах хэтэвчтэй байхыг шаардах гэнэ. Мэдээжийн хэрэг үйлчилгээ үзүүлэгч компани харилцагчийнхаа хөрөнгийг найдвартай хадгалах, хамгаалах үүрэг хүлээнэ. Дээрх хуулийн төсөлд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компани нь харилцагчтай ямар мэдээллийг багтаасан гэрээ хийхийг сайтар тусгасан байлаа. Тодруулбал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компанид хүндрэл учирсан тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоох төлөвлөгөө, ямар арга хэмжээ авах, виртуал хөрөнгө аливаа даатгалд хамрагддаггүй талаарх, гүйлгээ, төлбөр тооцооны нөхцөл, гүйлгээ хийхдээ алдаа гаргавал хэрхэх тухай, харилцагчийн эрх, үүрэг, эрсдэлийн мэдээлэл, цахим халдлагад өртвөл хэрхэх гэх мэт 13 зүйлийг багтаасан гэрээ хийхийг шаардах нь. Энэ харилцагчийн эрх ашгийг хамгаалж буй нэг хэлбэр юм.
Виртуал хөрөнгийн тухай ойлголт нэн шинэ. Тиймээс манай улсын эрх зүйн орчинд ийм нэр томьёо байхгүй. Зохицуулалт, эрх, үүрэг, хариуцлагын заалтууд ч одоогоор байхгүй. Тэгэхээр уг хуулийн төслийг батлахтай холбогдуулан хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулж ажиллана. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж таарна. Тусгай зөвшөөрөл авах учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь. Мөн татвар төлнө. Тиймээс Татварын ерөнхий болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Аж ахуйн нэгж хариуцлага хүлээх учиртай. Тэгэхээр Эрүүгийн, Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж.
Бас Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болжээ. Виртуал хөрөнгийн зах зээлийг хянаж, зохицуулахын тулд Санхүүгийн зохицуулах хороонд энэ чиглэлээр өндөр мэргэшсэн хүн ажиллуулах шаардлагатай. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сайн мэргэжилтэн ажиллуулахын тулд өндөр цалин тогтоох гэнэ.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталбал “Ард санхүүгийн нэгдэл” компани Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах юм байна. Тодорхой шалгуур хангах шаардлага ч үүснэ. Ардкойн эзэмшигчтэй нарийвчилсан гэрээ хийх юм. Биткойн олборлож буй “нөхөд” ч ил болно. Татвар төлж, хариуцлага хүлээнэ. Виртуал буюу цахим хөрөнгийн зах зээлийг ийнхүү засаглах нь. Товчхондоо, буух эзэн, буцах хаягтай болгох нь ээ.