Дуурийн дуучин Э.Очирсайхантай ярилцлаа. Тэрбээр ирэх аравдугаар сард ОХУ-ын Их театрт болох Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын “Опералиа” уралдаанд биечлэн очиж өрсөлдөхөөр шалгараад буй юм. Өмнө нь олон улсын хэд хэдэн уралдаанд тэргүүн байр эзэлж, гран при шагнал хүртсэн амжилттай. Мөн Италийн “Умберто Жордано” театрт Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермоны дүрд долоон удаа дуулсан туршлагатай. “Би таны хувьд битүү морь байх аа” хэмээн инээсээр асуултад хариулж эхэлсэн тэрбээр Консерваторын 2015 оны төгсөгч юм. Э.Очирсайхан Дархан-Уул аймгийн нэгдүгээр сургуульд сурч байхдаа “Сэлэнгийн долгио” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Д.Дагийсүрэн багшийн удирддаг найрал дууны “Хүслийн шувуухай” чуулгад орсноор дууны урлагт дурлаж, улмаар энэ мэргэжлийг сонгосон юм билээ.
-Та олон багшаар эрдэм заалгасан гэж хэлсэн. Хэн хэн багшийн шавь бэ?
-Консерватор төгсгөсөн багш минь дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү. Сургуульд элсэн ороход хүлээж авсан нь Ардын жүжигчин Х.Уртнасан багш. Дараа нь ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Дамдинсүрэн, мөн Окүяма Юми багшаар ч хичээл заалгасан.
-Багш бүрийн эрдмийн охь шимээс хүртэж ээ?
-Тийм ээ.
-Яагаад дуучин, тэр тусмаа дуурийн дуучин болъё гэж зорив?
-Багш минь найрал дууны сурагчдаас гоцолж дуулах боломжтой хүүхдүүдийг тусад нь бэлтгэдэг байсан юм. Тэдний нэг нь би. Найрал дуу бол дуулаач болох хүмүүст маш өгөөжтэй суурь бэлтгэл. Тухайн үеийн сайн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан, Л.Болдбаатар нар шиг сайхан дуулдаг болох сон гэж бодож, тэмүүлдэг байлаа. Ийм ч зорилгоор Улаанбаатарт ирээд, Хөгжим бүжгийн коллеж гэдэг алдартай сургуулийн босгыг алхсан даа. Шалгалт өгөх хүртлээ нийтийн дуу гоё дуулдаг болно гэж л боддог байсан юм. Элсэлтийн шалгалтад фонограмм шаардах байх гэж бодсон учраас бараг л богц дүүрнийг авчиртал нэг нь ч хэрэг болоогүй. Төгөлдөр хуур л хэрэгтэй байдаг юм санж. Оюутан болоод, шалгалтуудад бэлтгэхээр дуулах бүтээлээ судлах гэж интернэт ухсаар байгаад дэлхийн дуурийн урлагийнхны амьдрал, уран бүтээлтэй гүнзгийрүүлэн танилцсанаар энэ урлагт дурлачихсан. Тэгээд л дуурийн дуучин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн.
-Таны хоолой гоё өнгөтэй, тэнүүн сайхан баритон юм билээ.
-Хүүхэд байхдаа тенор хоолойтой байсан юм. Тэр үед дуулсан бичлэгүүдээ сонсоход их л дээд өнгөнд, “нарийн” сонсогддог байлаа. Шилжилтийн насанд басс буюу аргил болчихсон. Х.Уртнасан багшийнхаа шавь болох үед ийм л байлаа. Сүүлд баритон болгосон. Х.Уртнасан багш надад дуучин гэж хэн бэ, ёс суртахуун, ёс зүй нь ямар байдаг, биеэ хэрхэн авч явах ёстой талаар ихийг сургасан. Удалгүй бие нь муудсан болохоор би Б.Дамдинсүрэн багшийн шавь болсон юм. Б.Дамдинсүрэн багш минь надтай хэдийгээр хагас жил хэртэй ажилласан ч мөн л маш ихийг заасан нь миний амьдралыг өөрчилсөн гэж хэлж болно. Одоо би өөрөө өөрийгөө бэлтгэх болохоороо Б.Дамдинсүрэн багшийнхаа зааснаар дасгалуудаа уншиж, бие, сэтгэлээ цэгцэлдэг. Х.Үнэнхүү багш цээжний гэж ярьдаг доод өнгийг хөдөлгөөнгүй тавьж өгсөн санагддаг. Окүяама Юми багш маань хөгжимлөг байдлыг сургасан. Дуулаачаар төгсөгчдийн дунд олон багшийн гар дамжсан хүн сайн дуучин болдоггүй гэсэн яриа байдаг юм билээ. Би бол тэгж боддоггүй. Харин ч олон багшийн эрдэм хуралдаад сайхан шүү дээ. Мөн багад нь суурийг сайн тавьсан хүүхдүүд багш солигдсон ч тэгтлээ хазайдаггүй юм шиг.
-Нэг хэсэг та Италид дуулсан байх аа?
-Тийм завшаан тохиосон. Итали дахь урлагийн “International opera studio” гэх менежментийн компани ОХУ-ын Новосибирскийн Консерватортой хамтын ажиллагаатай. Хоёр байгууллагын хамтарч хэрэгжүүлдэг “Гүүр” төслийн хүрээнд тус сургуулийнхан “Травиата” дуурь тавьж, Италийн “Умберто Жордано” театрт тоглох болсон юм. Үндсэндээ мэргэжил дээшлүүлэх лабораторичилсан сургалт гэж хэлж болохоор үйл ажиллагаа байсан. Сургуулийнхан дууриа бэлтгээд бичлэгээ явуулахад нь Жермонд дуулж байгаа баритон нь тохирохгүй байж. Миний найз, дуурийн дуучин, Гавьяат жүжигчин П.Ганбат агсны охин Г.Халиун “Манай сургуулийнхны тавьж байгаа “Травиата”-гийн Жермон итали хамтрагчдад маань гологдоод болдоггүй ээ. Чи материалаа явуулаад үзвэл ямар вэ” гэсэн л дээ. Тэгэхээр нь юмыг яаж мэдэх вэ гэж бодоод илгээтэл “Дуулна уу” гэсэн хариуг маш хурдан ирүүлсэн. Ингэж санаандгүй гэх үү, найзынхаа ачаар их урлагийн өлгий Италид дуурьт дүр бүтээх хоёр дахь боломж олдсон юм. Үүнээс өмнө нэг удаа тэнд тайзан дээр гарчихсан байлаа. 2014 онд Хөгжим бүжгийн коллежоо төгсөхийн өмнөх жил дуурийн дуучин С.Аяана эгчийн зохион байгуулсан “La Cenerentola” төслийн хүрээнд бас нэг дуурьт дүр бүтээж, Ром хотын хоёр ч театрт нь дуулсан.
-Тэр үед “Травиата” дуурийн бусад дүрд хаанахын уран бүтээлчид дуулсан юм бэ?
-Жишээ нь, Алфредад алдарт гурван тенорын нэг Хосе Каррерасын нэрэмжит олон улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын эзэн Андрей Данилов дуулсан. Бид хоёр нэг өрөөнд амьдарч байсан юм. Нэг удаа “Найз нь Москвад очингуутаа нэг уралдаанд оролцоно. Чи олон уралдаанд оролцож байсан туршлагатай юм билээ, яаж оролцвол, дуулбал болох талаар надад зөвлөөч” гэдэг юм байна. Тэгэхээр нь тусалсан. Хоёулаа уралдааны удирдамжийн дагуу хөтөлбөр боловсруулав. Аль шатанд ямар бүтээлийг хэрхэн дуулах талаар ярилцдаг, дадлага хийдэг байлаа. Андрей найз маань түүний дагуу оролцож, өрсөлдөөд түрүүлсэн. Миний туслах гэж юу байх вэ, найз маань үнэхээр сайн дуучин.
-Тэр уралдаанд манай улсаас дуурийн гоцлооч Б.Батжаргал оролцсон бил үү?
-Тийм ээ. Мөн Буриад улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлооч Михайл Пирогов болон тухайн цаг үедээ сор нь болсон дуучид оролцсон. Тэгэхэд зөвхөн тенор хоолойтой дуучдын дунд уралдаан зохион байгуулсан бол энэ онд олон төрөлтэй байсан. Манай улсаас ОХУ-ын Перм хотын Дуурийн театрын гоцлол дуучин Т.Энхбат амжилттай оролцсон.
-Дөрөвдүгээр байр эзэлсэн санагдаж байна.
-Тийм ээ.
-Та чөлөөт уран бүтээлч юм байна. Аль нэг театрт ажиллах бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Би улсынхаа ДБЭТ-т дуучнаар ажиллах чинхүү хүсэлтэй. Энэ л театрт дуулахыг зорьж, хичээн зүтгэсээр сонгодог урлагт дурлан, багш нарынхаа зөвлөснөөр сонгосон замаараа тууштай явж байгаа юм. Харин орон тоо тэр бүр гардаггүй. Цалин авахгүй байсан ч хамаагүй энэ театртаа ажиллах сан гэж боддог. Надад дуулах, жүжигт дүр бүтээх хүсэл байна. Цалин хөлс, орлого мэдээж чухал. Гэхдээ түүнээс өмнө уран бүтээл дээр ажиллах гэдэг том даваа бий. Үүнийг л залуудаа давбал “Тайван цагт хөлс их урсгавал дайны цагт цус бага урсгана” гэдэг болох байх. Одоохондоо би дүрс бичлэгийн “Ochir production” студиэ ажиллуулдаг. Янз бүрийн ажил хийнэ ээ. Өнөө л уран бүтээлч бидэнд тулгардаг, аятайхан дуулснаа боломжийн дүрсжүүлэх сэн гэсэн “зовлон”, бэрхшээлийг жаахан ч гэсэн хөнгөлөхийг зорьдог. Тийм болохоор их биш ч өнөө, маргаашийн хэрэгцээний орлого олдог.
-“Опералиа”-д хэр бэлтгэж байгаа вэ?
-Би СУИС-ийн магистрын ангийг дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа багшийн удирдлагад суралцаж, төгссөн юм. Одоо багшаараа зөвлүүлж, төгөлдөр хуурч Э.Намуунтай хамтарч ажиллаж байна.
-Б.Эрдэнэтуяа багш дуулах ур зүйн итали дэг сургуультай. Түүнээс нь өвлөж байна уу?
-Тийм ээ. Италид дуурьт дуулах болсон нэг шалтгаан бол багшийнхаа зааж, сургасныг өөрийн болгох гэсэн хичээл зүтгэл байлаа. Үр дүн гарсан гэж боддог.
-Гадаадын уран бүтээлчид, хамтарч ажилладаг хүмүүстэйгээ ямар хэлээр харилцдаг вэ?
-Ээж минь орос хэлний багш. Тийм болохоор бага байхаас минь энэ хэлээр дуу, шүлэг цээжлүүлдэг, яриулах гэж оролддог байсан нь өнөөдөр маш их хэрэг болж байна. Оросуудтай оросоор өөрийнхөө хэмжээнд ярина аа. Италиар харилцаж, ойлгоно. Залуучууд англи хэл мэддэг байх ёстой гэж үздэг учраас өдгөө түлхүү судалж байгаа.