Манай орон олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор нутагладаг газруудыг хамгаалах зорилготой Рамсарын конвенцод 1988 онд нэгдсэн. Үүнээс хойш 11 газрыг ус, намгархаг газрын сүлжээнд бүртгүүлсэн байдаг. Эдгээрт багтсан, Монгол орны зүүн бүсэд байх дөрвөн томоохон газрыг 2021 онд сурталчлан таниулах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Монголын шувуу хамгаалах төвийнхөн хамтран хийж байна. Эхний ээлжид эдгээр газрын танилцуулгыг шинэчлэн, хэвлэжээ. Товч мэдээлэл хүргэе.
•Монгол Дагуур: Тус дархан цаазат газарт Дорнод аймгийн хойд захын Улз, Ямалах гол дагуух нутгийн зарим хэсэг, Тарь нуурын урд хөвөө хамаардаг. Энд дэлхийд ховордсон 15 зүйл тогорууны зургаа нь нутагладаг. Тэр дундаа цэн болон хар тогорууны зонхилох хувь нь байдгаас гадна хурган тутгалжин, хошуу галуу, үлдмэл цахлай, хар өрөвтөс зэрэг ховор шувуутай.
•Хурх, Хүйтэний голын хөндийн нуур: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутгийг дамнан оршдог. 42.9 мянган га талбайг эзэлдэг. Дагуур, Манжуурын хээр, Сибирийн тайгын өмнөд хэсэг, Төв болон Баруун Азид нутагладаг шувууд нүүдлийн үедээ энэ хөндийг дайран өнгөрч, зарим нь зусдаг.
•Буйр нуур: Монгол орны зүүн бүсийн нууруудаас хамгийн том нь. Мөн хамгийн цэнгэг устайд тооцогддог. Олон зүйлийн шувуу нуурын эрэг дагуух зэгсэнд нутагладгаас гадна загасаар баялаг. Зургаан овгийн 36 зүйл загас, 49 зүйлийн хөвөгч замагтай. Цэнгэг усны индикатор хэмээдэг, “Улаан ном”-д бүртгэлтэй “Леандер-1778” хавч энэ нуурт л бий.
•Ганга нуур: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших шорвог уст нуурт цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувуу чуулж, үрждэг. Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанд хамгийн их өртөж, богино хугацаанд доройтсон газрын нэг нь энэ юм.