Компанийн тухай хуульд хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг жил бүрийн тавдугаар сарын 1-нээс өмнө зарлан хийхээр тусгасан. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос баталсан Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулж, гаргасан шийдвэрийг олон нийтэд даруй мэдээлэх, холбогдох баримт бичгийг тус хороонд ирүүлэх үүрэгтэй.
Гэтэл нэр бүхий 85 хувьцаат компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулаагүй аж. Тиймээс Компанийн тухай хуулийн 59.5-д “Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага)-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно”, мөн 59.7-д “Хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (байхгүй бол гүйцэтгэх удирдлага) энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ” гэж тусгасныг үндэслэн эдгээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрх хүчингүй болсныг СЗХ-ноос өчигдөр олон нийтэд мэдэгдлээ.
Мөн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш тухайн компанийн ТУЗ-тэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулав.