Энхээ wowkino, kino99 зэрэг “буруу гар”-ын сайтаас байнга кино үздэг байжээ. Дадсан зангаараа эдгээрийн нэг рүү нь нэвтрэхэд “Танд баяр хүргэе. Та “iPhone 11 pro” утас хожлоо” гэсэн бичиг гарч иржээ. Лавшруулан харвал, доор нь өчнөөн “азтан” сэтгэгдэл үлдээсэн байж. “Баярлалаа”, “Азтаныхаа бэлгийг хүлээн авлаа”, “Хөөх, би утас хожлоо”, “Шинэ утсаа өчигдөр авсан, баяртай байна” гэсэн талархлын үгс цуварчээ. Бүсгүй тэдний нэг болж, утас хожсон гэж итгэсэн байна. Ингээд шагналаа авахын тулд нэг цагийн дотор хэд хэдэн даалгавар биелүүлэх шаардлагатай болж гэнэ. Нэгдүгээрт, заасан заавар (линк)-ын дагуу урамшууллын вэб сайт руу нэвтрэх. Хоёрдугаарт, утасны дугаар, и-мэйл хаяг болон шагнал хүргүүлэх гэрийн хаяг, байршлаа тодорхой бичиж, илгээх. Гуравдугаарт, азтаны шагналын хураамжид кредит картаасаа нэг ам.долларын төлбөр шилжүүлэх. Тэрбээр энэ бүгдийг ёсчлон биелүүлсэн аж. Сүүлд нь “Та заасан хугацаанд амжиж захиалгаа баталгаажуулсан тул “Samsung galaxy S10” утсаа 2-3 хоногт багтааж авах болно” гэсэн зурвас иржээ. Хожсон гэх утасны загвар “iPhone” байснаа “Samsung” болон хувирсныг ч тэрбээр анзааралгүй, баяр хөөр болж гэнэ.
Дүү рүүгээ утасдаж, баярт мэдээгээ дуулгахад “Хаанаас, ямар зорилгоор зохион байгуулсан сугалаа вэ” гэж хамгийн түрүүнд асуужээ. Тэр хариулж чадсангүй. “Худлаа байсан ч яах вэ. Нэг ам.доллар л үрээ биз. Ихийг алдаагүй юм чинь” гэж бодон, дүүгийнхээ үгийг ойшоогоогүй аж. Сэтгэлд нь итгэл найдварын оч сүүмэлзсээр байж. Гэтэл энэ явдлаас зургаан цагийн дараа түүний фэйсбүүк хаяг эзнээ “танихаа больжээ”. Найзуудаасаа тусламж хүсээд ч барсангүй. Маргааш өглөө нэгэн найз нь холбогдож, их хэмжээний мөнгө шилжүүлэхийг гуйсан шалтгааныг нь тодруулсан байна. Энхээ тэгэхэд л “сэржээ”. Фэйсбүүк хаяггүй 13 цаг болоход хэн нэгэн түүний нэрийг барьж, ойр дотнынх нь хүмүүсээс 2.3 сая төгрөг зээлжээ. “Хөдөө томилолтоор явж байна. Машин эвдэрчихлээ. Мөнгө яаралтай шилжүүлээрэй” гэж бичиж, итгүүлжээ. Ингээд тэрбээр цагдаагийн байгууллагад хандсан гэнэ. Хариуцлагагүй үйлдлээсээ болж, цахим хаягаа алдаад зогсохгүй өрөнд оров. Шагналын хураамжид төлсөн нэг ам.доллар нь гэмт этгээдүүдийг санаснаа гүйцэлдүүлэхэд туслах “өгөөш” төдий байсныг ойлгожээ.
Бусдын фэйсбүүк хаяг, цахим шуудан, интернэт банканд нэвтрэх, булаах зорилгоор түгээсэн ийм хортой холбоосыг фишинг гэдэг. Ийм хэрэг үйлдэгчид нэг үе зурхай, сонжоо, мэдлэг шалгах асуулт, дүр төрх өөрчлөх программуудыг ашиглан, хортой файл, холбоос илгээх байдлаар бусдын хувийн мэдээллийг хулгайлдаг байсан бол одоо азтанаар шалгарсан гэж итгүүлэх, хүү багатай зээлийн санал тавих зэргээр иргэдийг залилах нь ихэсжээ. Энхээтэй ижил байдлаар хохирсон хүн энэ төрлийн гэмт хэргийн дунд жин дарж байгааг цагдаагийн байгууллагынхан онцолсон юм.
Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатайг холбогдох байгууллагууд анхааруулж, иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээсээр ирсэн. Гэвч 2021 онд төсөөлөөгүй өсөлт үзүүлжээ. Тодруулбал, цахим сүлжээ ашиглан үйлдсэн гэмт хэрэг 2019 онд улсын хэмжээнд 737, 2020 онд 1795 бүртгэгдсэн бол энэ жилийн эхний хагаст 1850 тохиолдол гарчээ. Өдөр бүр 10 иргэн ийм хэргийн хохирогч болсон гэсэн үг. Үүний улмаас иргэд 4.9 тэрбум төгрөгийн хохирол амсжээ. Цахим залилангийн хэрэг эрс өсөхөд цар тахлын үеийн нөхцөл байдал гол нөлөө үзүүлсэн гэж ЦЕГ-ын ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мэдээлсэн.
Нэгдүгээрт, нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, иргэдийн амьжиргаа муудсан. Хоёрдугаарт, хөл хорио, амьдралын идэвхгүй хэв маягаас үүдэлтэйгээр иргэд цахим орчинд олон цагийг өнгөрүүлэх болсон. Гуравдугаарт, бизнес, үйлчилгээний салбарын үйл ажиллагаа хумигдсанаас цахимаар төлбөр тооцоо хийх нь ихэссэн. Эдгээр хүчин зүйлийн нөлөөгөөр Монголд төдийгүй дэлхий дахинд цахим гэмт хэрэг гаарчээ. Өөрөөр хэлбэл, ийм хэрэг үйлдэгчдийн ажиллах талбар өргөжиж, илүү боломж нээгдсэн гэсэн үг юм.
Гэмт этгээдүүд бусдын цахим хаяг, фэйсбүүкийг “эзэрхийлсэн” даруйдаа ойр дотнынх нь хүмүүсээс мөнгө зээлэх, хортой холбоос түгээх зэргээр ашигладаг бол дараа нь бусдад худалддаг аж. Мөн олон тооны хаяг цуглуулж, мэдээллийн бааз үүсгэх, зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татахад ашигладаг байна. “Пиар, маркетинг хийнэ” гэсэн зар тавьж, хувь хүн, байгууллагуудтай хамтран ажиллахдаа хууль бус аргаар цуглуулсан цахим хаягуудыг ашигладаг 25-30 насны залуусыг цагдаагийн байгууллагынхан мөрдөн шалгаж буй гэнэ. Хамгийн аюултай нь тэд цуглуулсан хаягуудаа нэгдсэн командаар удирдах программ зохиож, түүнийгээ гадаадын серверт байршуулсан байж. Залилагчид биднийг “ангуучлах”-ын тулд толгойгоо хэрхэн ажиллуулж, хэр зэрэг “хичээл зүтгэл” гаргадгийн бодит жишээ энэ юм.
Цар тахлын улмаас хилээр бараа, бүтээгдэхүүн импортлох үйл явц удааширч, саатсаныг далимдуулан залилан үйлдэгч мөн олширчээ. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний захиалгын урьдчилгаа төлбөр авсан залилагчид “Хил дээр ачаа саатсан. Удахгүй ирнэ” гэж иргэдийг хэдэн сараар хүлээлгэж, энэ хооронд ч олон хүнийг хохироодог аж. Ийм төрлийн аргаар залилагчид бусдад итгэл үнэмшил төрүүлэхийн тулд фэйсбүүк, инстаграм хуудас идэвхтэй хөтөлж, бараа, бүтээгдэхүүний зураг нийтлэхээс гадна талархлын үг бүхий сэтгэгдлүүдийг санаатайгаар бичүүлдэг аж. Энэ оны эхний хагаст цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тохиолдлын 40 орчим хувь нь онлайн захиалгатай холбоотой байжээ. Тэр дундаа хувцас, амны хаалт, гар ариутгагч зарна, их хэмжээгээр нийлүүлнэ хэмээн иргэдийг мэхэлсэн тохиолдол цөөнгүй гарчээ.
Иргэд цахимаар бараа, бүтээгдэхүүн захиалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх нь хохирогч болохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга. Харин залилагчдын гол зорилго нь захиалагчаас ямар нэг аргаар мөнгө салгах. Үүнийгээ биелүүлэхийн тулд аргагүй байдалд оруулдаг гэнэ. Ийм хэргийн хохирогч болсон нэгэн эмэгтэй “Фэйсбүүкт “Турк хувцас, бараа захиалга” гэсэн хаягтай онлайн дэлгүүрээс бэлтгэлийн хослол гурвыг захиалсан. Бүтээгдэхүүнээ гар дээрээ авсны дараа төлбөрөө төлье гэтэл “Зарим нь захиалсан бараагаа ирэхэд нь авдаггүй, чирэгдэл учруулдаг. 50 хувийн урьдчилгаа өгөхгүй гэвэл нэг хослолынх төлбөрийг шилжүүлчих. Ингэж байж захиалга баталгаажна” хэмээн ятгажээ. Ингээд тэрбээр 60 мянган төгрөг шилжүүлсэн аж. Бүтээгдэхүүнээ 14 хоногийн дараа хүлээж авах байсан ч сар гаруй болоход ирсэнгүй. Фэйсбүүкээр зурвас илгээж, лавлахад “Хил дээр бараа гацаад байна. Жаахан хүлээчих” гэж учирласаар хоёр сар болжээ. Нэг л өдөр тус цахим хуудас ор сураггүй алга болоход тэрбээр цагдаагийн байгууллагад хандав. Өөрөөс нь гадна олон хүн Туркээс бараа захиалж, хохирсныг тэгэхэд мэдсэн аж.
Цахим залилангийн талаар ойлголт, мэдээлэлтэй ч гэнэдэх, ятгалгад автах байдлаар ийнхүү хохирсон иргэн цөөнгүй. Цагдаагийн байгууллагынхан саяхан энэ талаар мэдээлэл хийхдээ “Сэрэмжлүүлэг түгээж, олон чиглэлийн нөлөөллийн ажил зохион байгуулж буй ч цахим залилан хүчээ авч байна” гэж толгой сэгсэрнэ лээ. Улмаар ЦЕГ, Монголбанк, Монголын банкны холбоо хамтран “Ятгах тусам нягтал” аяныг дөрөв дэх удаагаа улс даяар өрнүүлж эхэллээ. Тэд иргэдийг “Сэрэмжтэй, сэжигч бай” гэж уриалж байна.
Цар тахлын хүндхэн өдрүүд цахим залилан үйлдэгчдийг илүү “өлөн”, олон болгосныг дээрх статистик нотоллоо. Тэд таны сониуч, итгэмтгий занг овжноор ашиглахын төлөө цахим сүлжээнд ухаанаа уралдуулсаар буй. Ангуучлах хүмүүсээ сонгож, судалж, тандсаар байгаа. Ийм этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоож, өөгшүүлэхээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол шидсэн өгөөшийг нь үмхэхгүй байх юм.