Сербийн өөртөө засах муж болох Косово 2008 оны хоёрдугаар сард тусгаар тогтнолоо зарлаж, дэлхийн отгон улсын нэг болсон. Эл улс сүүлийн жилүүдэд ЮНЕСКО, Интерпол зэрэг олон улсын байгууллагуудад элсэхийг идэвхтэй хичээж байгаа юм. Одоогоор ОХУ, Энэтхэг, БНХАУ зэрэг 60 гаруй улс, мөн Европын холбооны таван орон Косовог тусгаар тогтносон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Харин Косовогийн эрх баригчид дэлхийн 117 улс тэдний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хэмээн мэдэгдээд буй.
Ердөө 10.908 ам километр газар нутагтай, 1.8 сая хүн амтай Косово улсын жүдо бөхийн тамирчид дэлхийн тавцанд хүч түрэн гарч ирээд байна. 2016 оны олимпоос тус улс анхны алтан медалиа хүртэж байсан юм. Тодруулбал, Косово улсын жүдо бөхийн тамирчин, Дэлхийн аваргын хошой алтан медальт Майлинда Кельменди таван жилийн өмнөх Риогийн олимпын -52 килограммын жинд түрүүлснээр өөрийн амжилтаа ахиулаад зогсохгүй улсынхаа анхны олимпын медалийг хүртэж байсан түүхтэй. Тэрбээр эцсийн мөчид Италийн тамирчин Одетте Жюффридийг ялж алтан медаль хүртсэн юм.
Энэ жилийн олимпын жүдо бөхийн төрөлд тухайн улсын дөрвөн тамирчин хүч үзсэний гурав нь эмэгтэй. Тэдний нэг болох олимпын аварга Майлинда Кельменди эхний тойрогтоо харамсалтайгаар ялагдал хүлээсэн бол үлдсэн хоёр тамирчин нь тус бүр алтан медаль хүртээд байна. Өдгөө 25 настай, жүдо бөхийн -48 кг-ын жингийн тамирчин Дистриа Красники манай улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг болон Японы Фүна Тонаки нарыг ялж аваргын алтан медаль хүртсэн юм. Харин 28 настай, -57 кг-ын жингийн бөх Гякова Нора "Токио-2020" олимпын наадмаас улсынхаа гурав дахь алтан медалийг өвөртөллөө.
Ташрамд дурдахад, Косово улсын түүхэнд олимпын наадмаас анх удаа алтан медаль хүртсэн тамирчин болох Майлинда Кельмендын хүрэл хөшөөг төрөлх Косово улсын Печ хотын "Уэсли Кларк" цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн онд босгосон билээ. Албани гаралтай Майлинда Кельменди нь найман настайгаасаа жүдо бөхөөр хичээллэж, 2009 оноос насанд хүрэгчдийн тив, дэлхийн аварга, гранд слам, гран прид зодоглох болсон бөгөөд хамгийн анх 2009 онд Чехийн Прага хотод зохиогдсон дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байжээ. Түүнээс хойш М.Кельменди, олон улсын томоохон тэмцээнээс 40 гаруй медаль хүртээд байна.