Нийслэлийн ногоон бүсэд үхэр бэлчин, айлуудын хашаа руу орж, жимс, ногоог нь идэх болжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XIX хороо, Зуунмодны зуслангийн ойролцоо сүүлийн 14 хоног үхэр идээшлэх болов. Уг нь хотын ногоон бүсэд мал бэлчээхийг хориглосон атал яагаад үхрээ энд хариулж байгааг малчнаас тодруулахад “Мал маллахыг зөвшөөрсөн хамгийн ойрын газар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, 335 дугаар гарам буюу Ногоон толгой. Гэтэл тэнд коронавирусийн тархалт ихэссэн учраас иргэдийг нэвтрүүлэхгүй байна. Тус газарт амьдардаг, мал бүхий иргэдийг ч нэвтрүүлэхгүй байгаа. Тиймээс хэдэн үхрээ зусланд маллахаас өөр аргагүй боллоо. Хэзээ Ногоон толгойд очиж болох нь одоогоор тодорхойгүй” гэв. Сонгинохайрхан дүүргийн Шуурхай штабынхнаас энэ талаар тодруулахад “Ногоон толгой орчимд оршин суудаг 21 иргэн коронавирусийн халдвар авсан учраас зорчих хөдөлгөөн хязгаарласан нь үнэн. Цөөн үхэртэй, ганц, хоёр иргэн хотод малтайгаа байгаа. Удахгүй Ногоон толгой руу буцаана” хэмээлээ.