Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон Монголд биржийн бус зах зээл хөгжүүлэхээр сүүлийн жилүүдэд ажиллаж буй. Биржийн бус зах зээл үүсгэх платформыг “Анд глобал” компанийнхан хийж дуусгажээ. Одоо Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн системтэй холбочихвол зах зээлээ нээхэд бэлэн болох юм байна.
Биржийн бус нь эрсдэл даах чадвартай хөрөнгө оруулагчдад зориулсан зах зээл юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, шалгуур хангасан, хөрөнгийн чадамжтай иргэн, аж ахуйн нэгж уг зах зээлээс үнэт цаас худалдаж авах эрхтэй гэсэн үг. Нөгөөтээгүүр, хялбар зохицуулалттай зах зээл. Тиймээс богино хугацаанд бага хэмжээний хөрөнгө босгох зорилготой аж ахуйн нэгж, гарааны бизнесүүдэд санхүүжилт татах боломж нээгдэх юм. Жишээ нь, уг зах зээлийг хөгжүүлснээр 500 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй бонд зах зээлд арилжих боломж бүрдэнэ.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг “Биржийн бус зах зээлийг удахгүй нээхээр ажиллаж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн системд холбочихвол хоёр долоо хоногийн дараагаас нээхээр төлөвлөсөн” гэж ярилаа.