Шатахуун тээвэрлэж явсан вагон Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт осолдсон хэргээс үүдэлтэй байгаль орчны хохирлыг тогтоох, хөрс нөхөн сэргээх ажил удаашралтай, бүрхэг байгааг “Өнөөдөр” сонин энэ сарын 23- ны дугаартаа хөндсөн. Тус үйл явдлаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөхөд холбогдох яам, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд “Хөрсийг стандартын дагуу эмчилж буй” гэдгээс өөр мэдээлэлгүй, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, ажлын хэсгийн гишүүд энэ талаар ам нээхээс татгалзаж байгаа талаар “Шатахуун нэвчсэн хөрсийг эрүүлжүүлэх ажил “нууцын зэрэглэл”-д шилжжээ” нийтлэлд бичсэн юм. Тэгвэл эл нийтлэл холбогдох байгууллагуудад хүрч, ажлын үйл явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өчигдөр олон нийтэд өглөө. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар төмөр зам”-ын харьяа Аюулгүй байдлын нэгдсэн лабораторийн мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг бохирдсон хөрс болон ойролцоох тогтоол уснаас дээж авч, шинжлүүлжээ. Тогтоол усны эргээс авсан дээжийн нэг литрт 0.007 миллиграмм газрын тосны бүтээгдэхүүн илэрсэн бол тухайн цэгээс 30-40 метрийн зайтай бүсэд хорт бодисын агууламж 0.017 миллиграмм байжээ. Хөрсний шинжилгээг 10-70 см гүнд дөрвөн үечлэлээр хийснээс хамгийн гүн бохирдол 50 см хүртэлх хэсэгт байсан аж. Хөрсийг саармагжуулах, хуулах ажлыг эхний ээлжид хийсэн бол ойрын хугацаанд тунамал шүүх далан байгуулж, шинжилгээний дээж авах мониторингийн цэг тогтоон, бохирдсон газрыг хашиж хамгаалах гэнэ. Мөн байгаль орчинд учруулсан хохирол, нөлөөллийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ажил үргэлжилж буйг БОАЖЯ болон Сэлэнгэ аймаг дахь ажлын хэсэг мэдээлэв.
Бэлтгэсэн Ж.Мишээл