Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон Монголд биржийн бус зах зээл хөгжүүлэхээр сүүлийн жилүүдэд ажиллаж буй. Биржийн бус зах зээл үүсгэх платформыг “Анд глобал” компанийнхан хийж дуусгажээ. Одоо Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн системтэй холбочихвол зах зээлээ нээхэд бэлэн болох юм байна.
Биржийн бус нь эрсдэл даах чадвартай хөрөнгө оруулагчдад зориулсан зах зээл юм. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, шалгуур хангасан, хөрөнгийн чадамжтай иргэн, аж ахуйн нэгж уг зах зээлээс үнэт цаас худалдаж авах эрхтэй гэсэн үг. Нөгөөтээгүүр, хялбар зохицуулалттай зах зээл. Тиймээс богино хугацаанд бага хэмжээний хөрөнгө босгох зорилготой аж ахуйн нэгж, гарааны бизнесүүдэд санхүүжилт татах боломж нээгдэх юм. Жишээ нь, уг зах зээлийг хөгжүүлснээр 500 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй бонд зах зээлд арилжих боломж бүрдэнэ.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг “Биржийн бус зах зээлийг удахгүй нээхээр ажиллаж байна. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн системд холбочихвол хоёр долоо хоногийн дараагаас нээхээр төлөвлөсөн” гэж ярилаа.
…Одоо гуравдугаар ангид орох охиноос “…Сургуульд орсон бил үү” гэхэд тэрбээр “Үгүй” гэсэн юм. Тэгэхээр нь “Сургуульд ороогүй мөртлөө уншиж, бичээд сурчихсан уу” гэхэд “Тийм” гэв. 2019 онд нэгдүгээр ангид элссэн сурагчдын сургууль, сургалтын талаарх ойлголт ийм байгаа нь бодит байдал юм…
БШУЯ 2021-2022 оны хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд танхимаар эхлүүлэхээр төлөвлөжээ. Яамны зүгээс болон аймаг, орон нутгийн удирдлагууд ч дор бүрнээ бэлтгэл хангаж буй аж. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Төрийн ордонд өчигдөр болсон, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралд илтгэл тавихдаа манай улсын 156 737 иргэн “Ковид-19”-өөр өвдсөний 33 448 нь хүүхэд гэдгийг хэллээ. Сүүлчийн сарын дүн мэдээнээс харахад нийслэлд халдварын тоо өдөр ирэх тусам буурч байгаа бол орон нутагт ихэссээр байна. Гэхдээ чухал үзүүлэлт болсон тархалтын түвшин улсын хэмжээнд тогтвортой байгааг сайд онцлов. Дархлаажуулалт 75 хувийн үр дүнтэй байгаа бөгөөд эцэг, эхчүүд 12-17 насны хүүхдээ идэвхтэй хамруулж байгааг дурдлаа.
Цар тахлын нөхцөл байдал эдүгээ ийм байгаа бөгөөд сарын дараа үүнээс сайжирсан байх урьдчилсан төлөв ажиглагдсан тул хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлье гэжээ. Салбарын яам ингэж үзсэн ч эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Хэрэв товлосон өдөр хичээлийг эхлүүлж чадахгүй бол манай улс хоёр жилийн турш сургуулиа хаасан цөөн хэдэн орны тоонд багтана. Энэ үзүүлэлт чухал биш байж болох. Гагцхүү хоцрогдол их үүссэн тул аль болох танхимаар хичээллүүлэх нь хаана хаанаа, хэн хэндээ ашигтай гэж үзэж байгаа юм.
БШУЯ-наас 2020-2021 оны хичээлийн жилийн бүтцийг өөрчилж, 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг тавдугаар сарын 8-наас, 4-12 дугаар ангийнхыг мөн сарын 15-наас эхлүүлсэн. Ийнхүү сурагчдыг хугацаанаас нь өмнө амрааснаар ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлэхээр тооцсон. Гэтэл ингэх нь байтугай их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалтыг ирэх сарын сүүлчээр зохион байгуулахаар зохицуулаад байна. Тэгэхээр угаас хоцрогдол нүүрлэсний дээр хөтөлбөрөөс 15 хоногийн хичээл тасалдахад хүрнэ. Тийм учраас хичээлийн жилийг хойш нь “сунгах” уу, үгүй юү гэдэг асуудлыг ч шийдэх болж байх шиг.
Салбарын яамны Бага, дунд боловсролын газрынхнаас мэдээлэл авахад “Бид УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн заавар, зөвлөгөөг удирдамж болгон ажиллаж байгаа. Хичээлийн жилийг есдүгээр сарын 1-нд эхлүүлнэ, хоцрогдол арилгах батлагдсан төлөвлөгөөг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Бүх ажлыг төлөвлөсний дагуу явуулж байна” гэлээ.
Тэгэхээр сар гаруйхны дараа сурагчид сургуульдаа явж эхлэх нь. Одоо гуравдугаар ангид орох охиноос “…Сургуульд орсон бил үү” гэхэд тэрбээр “Үгүй” гэсэн юм. Тэгэхээр нь “Сургуульд ороогүй мөртлөө уншиж, бичээд сурчихсан уу” гэхэд “Тийм” гэв. 2019 онд нэгдүгээр ангид элссэн сурагчдын сургууль, сургалтын талаарх ойлголт ийм байгаа нь бодит байдал юм. Үүнд хэн нэгнийг буруутгах аргагүй. Харин цаашид сурагчдаа хэрхэн хөтөлбөрөө гүйцэд сургах вэ, цөвүүн цагийг хэрхэн хохирол багатай даван туулах вэ гэдэгт Засгийн газар, яам, аймаг, нийслэлийн боловсролын байгууллагууд анхаарлаа сайтар төвлөрүүлж, хүчээ нэгтгэн ажиллах л чухал болоод байна.
Халдварын тоо эрс буурч, сурагчид бүгдээрээ нэгэн зэрэг танхимд сууж хичээллэх боломж бүрдэхийг байг гэхгүй. Бас нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байхыг ч үгүйсгэхгүй. Аль ч тохиолдолд сургалтыг хэрхэн зохион байгуулах тактикийг БШУЯ-ны Бага, дунд боловсролын газраас боловсруулсан байна. Байдал тааруу байвал хичээллэх өдөр, мөн өдөрт үзэх хичээлийн тоог цөөрүүлэх, сурагчдыг долоо, долоо хоногоор сөөлжүүлж сургах зэрэг янз бүрийн хувилбар бэлтгэжээ. Чухам алийг баримтлахаа тухайн үед нь шийдэж, нийслэл болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх ажээ.
Энэ хичээлийн жилийн хамгийн гол зорилт бол сүүлчийн хоёр жилийн сурлагын хоцрогдлыг арилгах гэнэ. Сурлагын хоцрогдол арилгах гурван жилийн цогц төлөвлөгөөгөөр хүүхэд бүрийг сургуульд нь явуулах бодлого баримтална. Сурагчдыг эргүүлэн нэгтгэж, багш, эцэг, эхчүүдэд нийгэм, сэтгэл зүйн таатай уур амьсгал, орчин бүрдүүлэхийг зорино. Тодорхой шалтгаанаар сургуулийн гадна үлдэж болзошгүй хүүхдүүдийг судалж, илрүүлэн, тэдэнд зориулж ямар арга хэмжээ авах тухайд аргачлал боловсруулсан бөгөөд гол хэрэгсэл нь хоцрогдол арилгах дасгал ажлын дэвтэр юм. Гуравдугаар ангийн сурагч бол нэгдүгээр ангийн хичээлийнхээ 45, хоёрдугаар ангийнхаас 62-68 хувийг нь зайнаас судалсан. Уг агуулгыг гуравдугаар ангид нөхөж, гүйцээх хэрэг гарсан бөгөөд үүнд дасгал ажлын дэвтэр хэрэг болно.
Улсын хэмжээний бүх багшид энэхүү дасгал ажлын дэвтрийг яаж ашиглах, ер нь хоцрогдол арилгах төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ, хүн бүрийн сэтгэл зүрхэнд сургуульдаа эргэн цуглаж, идэвхтэй суралцах “ногоон гэрэл”-ийг яаж асаах, сургууль завсардаж болзошгүй хүүхдүүдийг ямар арга замаар судалж, илрүүлэх талаарх сургалтуудыг есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхийн өмнө зохион байгуулах аж. Мөн бүх хүүхдэд гарааны оношилгоо хийнэ. Үүнээс цааших үйл явц хоцрогдол арилгах төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ. Тэгэхээр сурагчдыг сургуульд нь эргүүлэн нэгтгэж, идэвхтэй суралцуулах томоохон сорилт боловсролын байгууллагууд, багш, эцэг, эхчүүдийг хүлээж байна.