Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх, зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн бөгөөд үүрэг даалгаврынхаа биелэлттэй өнөөдөр танилцлаа. ХӨСҮТ-ийн тархвар судлалын алба нь батлагдсан тохиолдлыг илрүүлж, асуумж асууж, явсан маршрутыг тодорхойлж тандалтын илрүүлгийг хийдэг.
Тус төвд өнөөдрийн байдлаар Улаан загалмай нийгэмгэмлэгийн 20-25 сайн дурын ажилчид ажиллаж, гадаадаас ирсэн иргэд болон тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд, БЗД-ийн батлагдсан тохиолдлууд дээр тандалтын судалгааг хийж тархвар зүйн судалгааг хийж байна. Ирэх долоо хоногт сайн дурын ажилчдын хүч нэмэгдүүлэн Улаан загалмай нийгэмлэгээс 400 гаруй сайн дурын ажилчид тандалтын илрүүлэг хийж ажиллана.
ХӨСҮТ-д Био аюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораторийн барилга баригдаж байгаа ба барилгын угсралтын ажил дуусч, дотор засал, тоног төхөөрөмжийн суурилуулалт хийж буй. Уг барилга ашиглалтад орсноор гадны улсуудад хийж буй зарим нарийвчилсан шинжилгээг дотооддоо цаг алдахгүй хийх боломж бүрдэх юм. Мөн тус төвд Вакцины агуулахын өргөтгөлийн барилга барьж байна. Үндэсний хэмжээнд вакцин хадгалах төв агуулах ХӨСҮТ-д байрладаг.
Коронавирст халдвар КОВИД-19-ийн эсрэг вакцины үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан төв агуулахыг өргөтгөх хэрэгцээ шаардлага тулгарч, одоогоор өргөтгөлийн барилгын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байна.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтэн вакцин хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг мэргэшсэн багийн хамт суурилуулна. Тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гааль дээрээс хүлээн авч Вакцины агуулахад суурилуулах ажил эхэлжээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд аль аль барилгын ажлыг гэрээт цаг хугацаандаа ашиглалтанд оруулахыг үүрэг болгож, ЭМЯ-ны зүгээс боломжит ажлууд дээр дэмжин ажиллахаа илэрхийлэв.