Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс нутгийн хүрээний асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдагч хөрш Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн даян дэлхийн улсууд нэгэн гэр бүл болохыг харуулдаг олимпын наадмыг цар тахлын хүнд нөхцөлд Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв. Ерөнхий сайд Ё.Сүга олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа тус улсаас эхлүүлсэнд баяртай байгаагаа хэллээ. Японы Засгийн газар Монголын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд, бас энэхүү дэмжлэг, туслалцаа цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед ч үргэлжилж буйд сайд Л.Оюун-Эрдэнэ гүн талархал илэрхийлэв.
Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дараагийн шатанд хүргэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдлээ. Хөшигийн хөндийд барьсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор нь өргөтгөж, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хурдны зам, “Богдхан” төмөр зам тавих, нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Цог жавхлант эзэн хаан Нарүхитод олимпын нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Цог жавхлант эзэн хаан Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, монгол орон, ард түмний талаарх дурсамжаа хуваалцсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Францын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, элэгсэг дотно ярилцав.
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Энэхүү түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр тохиролцлоо. Ойн хүрээнд Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог Монголд айлчлахыг урив. Мөн Ерөнхий сайд Ё.Сүга 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлах санал тавьсныг Монголын тал талархан хүлээж авсан юм.