Хөдөө талд зам түгжрэхийг үзлээ. Найр, наадам болж байгаа мэт л хүн, машин бужигнав. Зарим нь ойролцоох хөтөл, уулын энгэрт асар барин тухалжээ. Түгжрэл арилж, нөхцөл байдал дээрдэхийг хүлээж буй нь тэр. Ойр дотны хүмүүсээ эрсдэлд оруулан байж тээврийн хэрэгслийнхээ хүчийг сорихыг хүсээгүй нь нарны голтойд суурин газар бараадахаар буцав. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээ машинд үлдээсэн жолооч нар шалбааг туулан, энүүгээр тэрүүгээр дэмий баахан харайлгах аж. Тэдний ярианы гол сэдэв нь тэрүүгээр оволзон урсах их ус хэзээ татарч, хүч нь саарах тухай. Хүчтэй, том машинтай жолооч нар л энэ саадыг ажрахгүй давж, “жижиг тэрэгтэн”-үүдийн атаархлыг төрүүлэх аж. Жийптэй жолооч нарыг харж, зориг, хүч орсон зарим нь хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө гэгчээр машинаа усанд урсгаж, эвдэж, хөдөлгөөнгүй болгосон явдал цөөнгүй гарчээ.
“Зил-130”, “Портер”-той хүмүүс жижиг машиныг 10-20 мянган төгрөгөөр чирж, таван метр хүрэхгүй “усан зам”-ыг гатлуулах бизнес санаачилжээ. Гэвч ингэж азаа үзэх жолооч ховор байв.
Ийм явдал энэ сарын 13-15-нд буюу баяр наадмын амралтаар болсон юм. Далай ээжийн хөвөө бараадаж, байгалийн сайханд амрахыг хүссэн иргэд ийнхүү замдаа хоёр хоног саатав. Хачирхалтай нь, тэд ямар нэг голын эрэгт бус, ногоон талд, авто зам дээр усанд боогдсон юм.
Хатгал тосгоноос зүүн хойд зүгт, 13 км-т Өрхөтийн сайр гэдэг газар бий. Усархаг, олон цаг үргэлжилсэн бороо ороход тус газарт тогтоол үүсдэг. Улмаар авто зам дагуух Өлхөн болон Бэрхэмшийн сайр луу үерийн ус урсаж, зорчих хөдөлгөөнд саад учруулдаг аж. Ширүүн аадар орох болгонд, жилийн жилд ийм дүр зурагтай болдог талаар орон нутгийн иргэд хэлсэн юм. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид “Хатгалаас Жанхай чиглэлд хэд хэдэн том сайр бий. Тэдгээрийг дагасан ус авто зам руу урсаж, үерлэдэг болоод удлаа. Автомашинууд урсах, усаар туугдаж ирсэн хад, чулуунд эд ангиа гэмтээх, тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг гээх тохиолдол байнга гардаг. Тэр болгонд цагдаа, онцгой, тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид тухайн цэгүүдэд ажиллаж, иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалдаг. Орон нутгийн иргэд энэ зовлонг мэдэх учраас бороо орсон үед тийшээ бараг зүглэдэггүй. Жанхай руу явах талаар бодохын ч хэрэггүй. Харин мэдэхгүй хүмүүс туршлагагүйтэж, хохирох нь бий. Зарим нь сайраас их хэмжээний ус урсаж орж ирснийг мэдэхгүй, гол гэж боддог” гэв.
Харин Мөрөнд оршин суудаг Н.Энхболд “Энэ чиглэлийн замыг байсхийгээд л хаадаг. Энэ удаа нэг өдөр л хаасан. Хоёр дахь өдрөөс ус татрах байх гэж тооцоолсон нь талаар болсон. 11, 12-нд орсон борооны ус 13,14-нд урссаар л байв. Бэрхэмшийн сайрын хоёр талын энгэр хүнээр дүүрсэн. “Нар төөнөсөн, айхтар халуун өдөр байхад (13-нд) ус яагаад татарсангүй вэ” гэж олон хүн гайхаж байлаа. Том сайр, жалга дагасан уруйн үер 2-3 хоног буух (газар уруу) нь хэвийн үзэгдэл” гэв.
Тэрбээр энэ явдлыг байдаг л зүйл, хэвийн үзэгдэл гэж хэдэнтээ тодотгосон юм. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүн хүчин мөхөстөх нь бий. Мөн үер усны аюул тохиолдох нь элбэг. Авто зам усанд автаж, эвдрэх нь цөөнгүй. Гэхдээ аадар бороо орох тоолонд гол болон хувирч, цагдаа болон онцгой байдлын алба хаагчдад ажил удаж, иргэдэд төвөг чирэгдэл учруулдаг замыг засаж, шинэчлэхгүй өдий олон жил аргацаах нь хэвийн зүйл яагаад ч биш. Ялангуяа аялал жуулчлалын гол бүс, жил болгоны зун гадаад, дотоодын олон мянган жуулчны хөлд дарагддаг тусгай хамгаалалттай газар ийм яйран замтай байж хэрхэвч таарахгүй.
Жуулчид тус аймгийг зорих гол шалтгаан бол Хөвсгөл нуур. Тэнд очихын тулд Мөрөн, Хатгалыг зайлшгүй дайрна. Мөрөн хүртэлх зам дардан, сайхан бол Хатгал хүрэх нь түмэн саадтай. Энхэл донхол, энд тэндээ нөхөөстэй. Эвдрэлээс үүдэлтэй үүссэн “хурд сааруулагч” өчнөөн таарна. Дайны хажуугаар дажин гэгчээр зам дагасан гуу жалга, сайр олонтой. Үүнээс болоод байнга үерт автдаг. Хэрэв тус чиглэлийн замыг эхнээсээ чанартай барьсан бол, энэ зэргийн эрсдэлийг тооцоолж, төлөвлөж, ус зайлуулах шугам, хоолойг стандартын дагуу хийсэн бол нөхцөл байдал ингэтлээ хүндрэхгүй байв. Аялагчдыг хашрааж, цаг зав, эд хөрөнгөөр нь хохироохгүй байлаа.
Өнгөрсөн жилийн мөн үед Хатгалын зам үерт автаж, үүнээс болж усанд боогдсон автомашины урт цуваа үүссэн. Дөрвөн хэсэг газарт эвдрэл үүссэнээс тухайн чиглэлийг хэсэгчлэн хааж, түр зам гаргасан байна. Мөрөнгөөс Хатгал хүрэх замыг тавьсан компани хариуцах хугацаа дууссан гэдэг үндэслэлээр, “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй эвдрэлийг замын компани бус, улс хариуцах зохицуулалттай” гэж гүрийсээр хариуцлагаас бултжээ. Ингээд хоёрхон өдрийн борооноос үүдэлтэй хэсэг газрын эвдрэлийг “Хөвсгөл АЗЗА”-ынхан төсвийн 300 сая төгрөгөөр засжээ. Гэвч энэ жил өөр хэд хэдэн газарт дахин эвдрэв. Тус ТӨҮГ-ын мэргэжилтэн “Мөрөн-Хатгал чиглэлийн зам Дарханыхаас дутахгүй асуудал дагуулж, шүүмжлэлийн бай болж байна. Бид төсвөөс олгосон хөрөнгө, дээрээс өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд засвар, арчлалт хийсээр ирсэн. Зорчих хөдөлгөөний идэвхтэй, ачаалалтай бүс учраас техникийн эвдрэл их гардаг. Замын компаниудын хариуцлагаас үүдэлтэй асуудал ч их. Энэ замыг бүхэлд нь засаж, үерийн эрсдэлтэй хэсгүүдэд хамгаалалтын далан, шуудуу, гүүр байгуулах шаардлагатай. Үүнд багагүй цаг хугацаа, хөрөнгө шаардлагатай” гэсэн юм.
Засгийн газар, БОАЖЯ өнгөрсөн хугацаанд Хөвсгөлд цөөнгүй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Олон улсаас хамгийн их “халамж” хүртдэг нь ч Монголын Швейцар гэгддэг эл аймаг. Тус нутгаас УИХ-д сонгогдсон гишүүд аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих нэрийдлээр улсын төсвөөс хангалттай “тэтгэмж” хүртэж ирсэн. Санаачилсан, хэрэгжүүлсэн төслүүдийнх нь дунд дэд бүтэц, хог хаягдлын менежмент сайжруулах, ариун цэврийн байгууламжуудыг стандартын шаардлагад нийцүүлэх зорилготой нь жин дарна. Энэ бүхний гол зорилго нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах. Гэтэл утаагүй үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамгийн том тээг болдог дэд бүтцийн асуудал тус аймагт тулгамдсан хэвээр байна. Улсын чанартай авто замын хамгийн чанаргүй бүтээн байгуулалтын жишээ болдог Хэнтий, Дархан-Уул аймгийнхаас дутахгүй хэцүү, төсөвт дарамт учруулдаг хэврэг зам тэнд барьжээ. Энэ байдлаараа жуулчдыг татах байтугай хашраах нөхцөл бүрдсэн байна.
Хөвсгөлийг эко аялал жуулчлалын бүс болгох зорилтын хүрээнд 30 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөж, үүнд 50 тэрбумыг төсөвлөөд буй. Тухайлбал, Хатгал, Жанхай, Тойлогт чиглэлд 36.9 км хатуу хучилттай авто зам тавих гэнэ. Хатгал, Жанхай, Дээд модот булан, Ардаг, Тойлогт зэрэг газарт 500 машины багтаамжтай, найман авто зогсоол байгуулах аж. Түүнчлэн Хөсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг холбогдох байгууллагынхан хэдийн боловсруулсныг Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан нь онцоллоо. Эдгээрийг хэрэгжүүлснээр Далай ээжийг зорих жуулчны тоо одоогийнхоос 2-3 дахин нэмэгдэнэ гэж төсөөлжээ. Харин Мөрөнгөөс Хатгал хүртэлх замд сэгсчүүлж, үерийн усанд боогдсон, бодит байдлыг нүдээр үзсэн иргэд Хөвсгөлд яг одоо автомашины зогсоол, усан замын төвөөс илүү чанартай зам хэрэгтэйг хэлж байна. Өрхөт, Өлхөн, Бэрхэмшийн сайрын усанд боогдсон иргэд Жанхай, Тойлогтын “гоё” замд хүрэх боломжгүй учир эхний ээлжид Мөрөн, Хатгал чиглэлийн дэд бүтцийг шийдэх нь зүйн хэрэг юм.