Хөгжим бүжгийн коллежийн арын хашаанд Боловсролын үнэлгээний төвийн шинэ барилгыг бариулахгүй гэсэн багш нарын тэмцэл 20 хоног үргэлжилсэн. Тэд БШУЯ-д шаардлага хүргүүлж, жагсаж, сургуулийн хашаагаа ээлжлэн манаж байв. Тэгвэл өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн багш нартай уулзаж гэрээг цуцалж, хашааг нь буулгасан гэдгээ хэллээ. Үүний хариуд Монгол Улсын Консерваторийн багш нар гэрээг тооцооны нягтлан, ерөнхий менежер зэрэг хуулиар төлөөлөх эрхгүй ажилтнуудтай байгуулсан талаар мэдээлсэн юм.
Хурлын үеэр МУК-ын захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Пүрэвхүү "Багш нар бөмбөрөө нүдсээр байгаад гэрээг цуцлууллаа. Юу цуцалсан гэдгийг чинь цаг хугацаа харуулна. Би энэ боломжийг олж ирэхдээ нэг ч төгрөгийн ашиг хараагүй юм шүү. Түр хорооны гишүүд намайг сургуулийнхаа газрыг зарж идсэн хулгаач гэх мэтээр гутаан доромжиллоо. Тиймээс уучлаарай, багш нараа. Та нартай шүүх дээр уулзаж, нэр төрөө сэргээх болно" гэв.
Энэ мэтчилэн БҮТ-ийн шинэ барилгыг Хөгжим бүжгийн коллежийн арын хашаанд бариулах төсөл бүтэлгүйтсэнд цөөнгүй хүн харамсаж хурал дээр хэдэн багш нартаа хатуухан үг "чулуудаад" гарлаа. Ямар ч байсан улстөрчдийг урлагийн багш нар яллаа. Харин ямар үр дүнд хүрэх байсныг цаг хугацаа харуулах биз ээ.