Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц дээрх замыг туулахдаа байнга мандуулж явсан Монгол Улсын Төрийн далбааг цэргийн дүрэмт хувцасын хамт Монгол цэргийн музейд хадгалуулав. Ахлах ахлагч Э.Даваажамц нь орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ховд аймгийн 90 жил, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ зургадугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхлүүлсэн. Улмаар 46 хоногт 2127 км замыг туулснаар энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм. Тэрбээр эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн анхны хүн, анхны цэргийн алба хаагч, анх удаагаа сургалтын зэвсгийг явганаар хүргэсэн гэдгээрээ онцлогтой. Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг "Монгол Улсын Зэвсэгт хүчний нэн шинэ түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе" хэмээв. Ийнхүү түүний амжилтыг илэрхийлсэн эд өлгийн зүйлийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн авсан бөгөөд түүнд музейн хамт олноос “Дурсамж” гардууллаа. Эл өдөр ахлах ахлагч Э.Даваажамц өөрийн багийн гишүүдийн хамтаар Монгол цэргийн музейн тайлбартай аялалд оролцож, музейн хамт олонтой сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ажээ.