Зам, тээврийн хөгжлийн сайдын 374 дүгээр тушаалыг үндэслэн хот хоорондын нийтийн тээврийн зардлыг км тутамд 60-65 төгрөгөөр нэмснийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Ингэснээр хот хооронд зорчигч тээврийн үнэ зайнаас хамаараад 700-20 000 төгрөгөөр өсжээ. Энэ шийдвэрийн тухай “Авто тээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай журамд хот хоорондын зорчигч тээврийн үнийг км тутамд 45-55 төгрөг байхаар тусгасан. Эл журмыг мөрдсөн найман жилийн хугацаанд шатахууны үнэ 10 гаруй удаа нэмэгдэж, 2013 оныхоос 26.7 хувиар өсөөд байна. Үүнээс болоод тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж, үйлчилгээ хэвийн явуулах боломжгүйд хүрсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдын 374 дүгээр тушаалын хавсралтад км тутмын өртгийг 60-75 төгрөгөөр тооцох боломжтой гэж тусгасныг үндэслэн, энэ чиглэлийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр тээврийн зардлыг нэмлээ” гэж тус төвийнхөн тайлбарлав.