Ковид-19”-ийн түргэвчилсэн оношлуурыг яг л халууны шил шиг, эсвэл жирэмсэн, эсэхийг тогтоодог багаж шиг эмийн санд худалддаг болсон. Иргэд 20 мянган төгрөгөөр авч, өвдсөн, үгүйгээ тогтоогоод, эерэг гарвал эм уудаг. Оношлуур эрэлттэй байгаа. Эмийн компаниуд сайн ч нийлүүлж буй. Түүнчлэн амьсгалын аппаратыг төрөл бүрээр нь санал болгож байна.
“Ухаалаг амьсгалын аппарат аваарай. Энэ нь эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн хэрэглээнд тохиромжтой. Цувралыг насанд хүрэгчид болон хүүхдэд ч хэрэглэх боломжтой” гэсэн зарыг хаанаас ч харж болно. Ээж, аав нь эмнэлэгт хэвтсэн хэрнээ үйлчилгээ авч чадахгүй, хүчилтөрөгчөөр дутагдаад амьсгал хураачих гээд байхад хүүхдүүд нь эрвийх дэрвийхээрээ зүтгэн, уг төхөөрөмжийг худалдаж авахгүй гээд яах билээ. Уг нь иргэд улсын эрүүл мэндийн байгууллагаас ийм тусламж, үйлчилгээ авах ёстой. Гэтэл улсын эмнэлгүүд, шинжилгээний цэгүүд ачааллаа дийлэхгүй гэдэг шалтгаанаар иргэд ийнхүү “халаасаа тэмтрэхээс” өөр аргагүйд хүрдэг.
Ийм байдал жирийн үзэгдэл мэт болсон бөгөөд ЭМЯ ч хангалттай анхаарахаа больсон. Халдварт өвчинтэй нүүр тулан ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлнэ, өнөө, маргааш гэсээр улиг болгож ч байна. Яагаад. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг бүхий яам ч, Засгийн газар ч дөжирчихсөн. Ерөнхий сайд юу ч болоогүй мэт олимп үзэхээр мордоход ялангуяа өвчин нь хүндэрсэн хүмүүс ёс той л газар хатуу, тэнгэр хол гэдэг болж байна.
Коронавирусийн халдварыг дотоодод алдаагүй байх үед бэлтгэл ажил ямаршуу байгаа талаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл “Гурван сая хүн амтай улсад уушги орлуулах ЭКМО аппарат гурав байхад хангалттай” гэсэн. Юунд үндэслэж ингэж хэлснийг мэдэхгүй юм. Өвчин нөмрөөд ирэхийн цагт уг төхөөрөмж 300, магадгүй энэ өвчнөөр нас барсан хүний тоогоор хэрэгтэйг харж байна. ЭМЯ-нд уг аппаратыг худалдаж авах мөнгө байхгүй гэдэг. Ямар сайндаа л манай улс уушги орлуулах анхны аппаратаа олон нийтийн өгсөн хандивын мөнгөөр авч байх вэ дээ.
Нэгэнт яам, Засгийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж худалдаж авах хөрөнгө байхгүйг дуулсан гадаадын байгууллагууд, манай улсын иргэд ч дор бүрнээ санаа тавьж эхэлснээр хандив, тусламж эздэдээ хүрсээр байна. Зарим нь замдаа яваа. Хаанахын ямар ч хандив, тусламжийг Засгийн газар, ЭМЯ, эмнэлгүүд “Баярлалаа” гээд л авна. Авахгүй гэхээр олон хүн амь тавьчих учраас арга ч үгүй биз. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн дүр төрх, ЭМЯ-ны ажил ийм л байна.
Манай улс коронавирусийн халдвар, өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед хаанаас, хэн хэн хандив, тусламж өгч байна вэ. Унгар улсаас манайд амьсгалын аппарат 33 ширхгийг бэлэглэж буй. Тус улсын Засгийн газар хэдхэн өдрийн өмнөх хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын нэг нь Монгол Улсад амьсгалын аппаратаар туслах, эсэх тухай байв. Сайд нар нь хэлэлцээд “Тэгье” гэсэн шийдвэр гаргасныг тус улс дахь манай улсын Элчин сайд З.Батбаяр “Баярт мэдээ” хэмээн дамжуулсан юм. Аймаг, дүүргүүдийн эмнэлэг бүрт нэг, мөн бусдад гурав гэж тооцоолсон “LH8800” загварын амьсгалын аппаратуудыг нааш нь илгээжээ. ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнээс өчигдөр лавлахад “Одоогоор ирээгүй байна. Удахгүй байх аа” гэв. Уг төхөөрөмжийн зах зээлийн үнэ тус бүртээ 45-50 мянга орчим евро бөгөөд нийт тусламжийн хэмжээ 4.6 гаруй тэрбум төгрөг болж буй юм. Ийм хөрөнгө зараад эдгээрийг өмнө нь худалдаад авчихсан бол 800-гаад иргэнээ энэ хорвоогоос явуулчихгүй байх боломж байсан ч юм бил үү. Иргэдийн амь нас ийнхүү хутганы ирэн дээр байхад наадамд зориулсан урлагийн тоглолт хэмээх “жонхуу”-г гурав орчим тэрбумаар хийж, сэтгэлээр ядарсан иргэдээ улам бухимдуулсан даа, энэ Засгийн газар.
Хүнд хэцүү цаг, мөч бүрт тусламжийн гараа байнга сунгаж байдаг нь Япон Улс, Засгийн газар нь. Тус улсын Элчин сайд Х.Кобаяши, Сангийн сайд Б.Жавхлан нар буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх 883 сая иений “Ковид-19” халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурсан. Тусламжийг шинэ төрлийн коронавирусийн тархалтын нөлөөнд өртөөд буй Монгол Улсад мутацад орсон вирусийн гений дараалал тогтоох лаборатори болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний төхөөрөмж нийлүүлэхэд зориулна гэж буй. Тус улсаас үзүүлсэн тусламж үүгээр хязгаарлагдаагүй бөгөөд үйл явдлын дарааллаар хамгийн сүүлчийнхийг дурдлаа. Мөн Швейцар улсын элч төлөөлөгч нэг тэрбум гаруй төгрөгийн эмнэлгийн хамгаалах хэрэгсэл болон амьсгалын аппарат авчирч өгөөд “Оновчтой хуваарилж олгоорой” гээд явсан.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг уншигчид болон хамтран ажилладаг уран бүтээлчдийн дунд эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн аппарат авч өгөх хөдөлгөөн өрнүүлсэн юм. Хөрөнгө босгох ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. Гадаадад, хожим хэрэглэж болох зориулалтаар захиалж хийлгэсэн 13 ширхэг төхөөрөмж өдгөө БНХАУ-ын Эрээн хотод ирээд байгаа аж. Нэг нь хоёр хошуутай, өөрөөр хэлбэл, хоёр хүнд тусламж үзүүлэх боломжтой. Хүчилтөрөгчийн, олон үйлдэл бүхий уг аппарат нь зөвхөн коронавирусээр өвдсөн хүнд гэлтгүй утлага шаардлагатай хүүхэд, насанд хүрэгчдэд хэрэгтэй эд юм билээ. Энэ мэтээр иргэд туслаад л байгаа. Төр, засаг ч аваад л байна. Манай улсын иргэд хаана хүнд, хэцүү байна, тэнд хувиараа болон байгууллага, хамт олноороо нэгдэн хөрөнгө, эд материалын тусламж үзүүлдэг болов. Нөгөө талаасаа өвдсөн, өлссөн хүмүүс ч тийм байх ёстой мэт “Туслаарай”, “Хандивлаарай” гээд сурчихлаа.
Гуйлга тасарна гэж үгүй. Саяхан нэгэн иргэн нийгмийн сүлжээнд “Багануурын Нэгдсэн эмнэлэгт нийгмийн хариуцлагын хүрээнд дерматом гэдэг арьс шилжүүлэн суулгахад хэрэглэдэг чухал багажийг хандив, тусламжийн хүрээнд авч өгөх иргэн, байгууллага байна уу. Яаралтай мэс засалд хэрэг болж байгаа тул эмчтэй холбогдоно уу” гээд утасны дугаарыг нь бичсэн зарыг иргэдэд дамжуулцгаав. Энэ бол захын жишээ. Олон нийтийн дунд “Эмнэлгүүдэд байхгүй юм чинь яах билээ” гээд ойр дотнын хүмүүсийнхээ амь насыг аврахын тулд бусдад хандах нь дээр гэсэн ойлголт бий болчихож. Тэдний буруу гэх аргагүй юм.
Зүй нь эрүүл мэндийн салбарыг зөв бодлогоор удирдаж, менежментийг нь сайжруулах ёстой. Дутагдалтай ч гэсэн төсөвлөсөн хөрөнгийг үр дүнтэй, өгөөжтэй зарцуулж, эсвэл энэ салбарт мөнгө “хялайлгахгүй” бол дээр, дооргүй, өдөр, шөнөгүй шаардсаар гаргуулж чаддаг байх ёстой. Үүний тулд яам, сайд, зөвлөл, чиглэлийн газрууд байдаггүй юм уу. Гэтэл салбарын сайдаар томилогдсон болгон нь ил, далд улстөржиж, өөрийнхөө л нүүрийг шавхуурдуулчихгүйн тулд өнөө, маргаашийг өнгөрөөж, алба хаасан дүр эсгэх мануухай болохын хэрэг байдаг уу гэж асууя. Эрүүл мэндийн салбар хэдий болтол хандиваар амь зогоох вэ.