Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний буюу өнөөдрийн хуралдаанаар “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэж, шинэчлэн баталлаа. Энэ тогтоол, журам батлагдсанаар жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдэнэ. Тус яам 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулсан. Улмаар нийгмийн даатгалын дэвтэр цахим болсонтой холбогдуулан нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрдсэн юм. Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлдэг. Өдгөө даатгуулагчаас тэтгэмж авахаар бүрдүүлж байгаа дээрх баримт бичгийг цахимжуулж, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх болсон. Үүний нэг хэлбэр нь “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шинэчлэн боловсруулсан явдал юм.