Хөхүүл эхчүүдэд коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийг ДЭМБ зөвлөлөө. Ингэсэн тохиолдолд нялхас эрсдэлд өртөхгүй төдийгүй эхийн сүүгээр дамжуулан дархлаатай болох аж. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахыг тус байгууллагаас зөвлөжээ. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд илүү хүнд өвдөж байгааг тус байгууллагаас санууллаа. Түүнчлэн хүүхдүүд өвчлөх, улмаар халдвар дамжуулах өндөр эрсдэлтэй тул тэднийг вакцинд хамруулахыг тэргүүлэх зорилтоо болгох шаардлагатай гэнэ.
Францыг коронавирусийн дөрөв дэх давлагаа “нөмөрчээ”. Өмнөхөөс өндөр хурдтай тархдаг дельта хэлбэрийн нөлөөгөөр долоо хоногийн хугацаанд илрүүлсэн халдварын тохиолдол хоёр дахин өссөн байна. Тус улсад өдгөө хоногт 10 мянга гаруй хүнээс халдвар илрүүлж буй гэнэ. Халдвар авсан хүмүүсийн 80 хувиас дельта хэлбэр илэрч, бүх мужид нь эл вирус бүртгэгдсэн аж. Тус улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн 5.8 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 111 мянган хүн нас баржээ. Францын 36 сая гаруй оршин суугч вакцины эхний тунгаа хийлгээд байна.
Канадын эрх баригчид АНУ-тай залгаа хилээ 17 сар хаасан бөгөөд вакцинд бүрэн хамрагдсан америкчуудыг ирэх сараас хүлээн авч эхлэх гэнэ. Ингэснээр Америкийн жуулчид, тус улсад байнга оршин суугч иргэд наймдугаар сарын 9-нөөс Канадад зорчих боломж бүрдэх нь. Дархлаажуулалт тус улсад өндөр үзүүлэлтэд хүрч, “Ковид-19”-ийн тохиолдол аажмаар буурч буйтай холбоотойгоор хилийн хяналтыг сулруулахаар төлөвлөжээ. Хэрэв байдал энэ хэвээр сайжирвал Канад улс есдүгээр сарын 7-ноос вакцинд бүрэн хамрагдсан гадаадын бүх жуулчныг хүлээн авах аж. Канадын Засгийн газар хилээ хаах шийдвэрийг өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан. Энэ сарын 19-ний байдлаар Канадын иргэдийн тэн хагас орчим нь вакцинд бүрэн хамрагдаж, 70 орчим хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ.
Испани улс “АстраЗенека” компанийн бүтээсэн, коронавирусийн эсрэг вакциныг цаашид авахгүйгээ мэдэгджээ. Учир нь тус улс уг бэлдмэлийн хангалттай нөөц бүрдүүлсэн гэнэ. 47 сая хүн амтай Испани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ноос дархлаажуулалтын кампанит ажлаа эхлүүлсэн юм. Өдгөө оршин суугчдынх нь 50 орчим хувь хоёр тун вакцин хийлгээд байна. Гэхдээ сүүлийн үед залуучуудын дунд өвчлөл эрс нэмэгдсэн гэнэ. Тиймээс зарим бүс нутагтаа хязгаарлалтын дэглэм тогтооход хүрчээ.
Бэлтгэсэн З.Гал