Энэ оны эхний хагас жилд нийгмийн амьдралд асуудал, асуулт ч дагуулсан үйл явдлууд ар араасаа өрнөсний нэг нь УИХ-аас Өршөөлийн тухай хууль баталж, хэрэгжүүлж эхэлсэн алхам байлаа. Долдугаар сарын 2-нд эцэслээд, 6-ны өдрөөс мөрдсөн уг хуулийн хүрээнд хорих ангид ял эдэлж байсан хүмүүсээс өршөөгдөх шаардлага хангасан 160-ыг нь шууд сулласан. Мөн зарим хоригдлын эдэлбэл зохих ялын хугацаанаас хоёр жилийг өршөөн хэлтрүүлэв. Үүнд нийт 184 хоригдол хамрагдсан.
Бас тодорхой төрлийн гэмт хэргийн эдлээгүй үлдсэн ял таван жил дотроо буй тохиолдолд түүнийг зорчих эрхийг хязгаарлах шийтгэл болгон хөнгөлөхөөр тусгасан. Ингэснээр 1130 хоригдлын ялыг хөнгөвчилсөн юм. Шоронд байлгаснаас ажил хийх, сурч боловсрох эрх эдлүүлэн, гэр бүлтэй нь байлгаж, тэднийгээ тэжээн тэтгэх боломжийг төрөөс олгож байгаа хэрэг гэж үүнийг албаныхан тайлбарласан билээ.
Уг хуульд зааснаар өршөөл үзүүлсэн гэмт хэргийн төрөл олон. Харин хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдлын, хүүхдийн, эдийн засгийн, үндэсний аюулгүй байдлын, хүн төрөлхтний аюулгүй байдлын, энх тайвны эсрэг гэмт хэргүүд, мөн хүн алах, галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг тариалах, худалдах, хэрэглэх, орон байраар хангах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, нотолгоо хуурамчаар бүрдүүлэх, устгах, байгаль орчин бохирдуулах, соёлын биет өвийг хууль бусаар худалдах, зуучлах зэрэг 38 төрлийн гэмт хэргийг өршөөлд хамруулаагүй. Мөн өмчийн эсрэг гэмт хэрэг, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, цэргийн эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх зэрэг 19 төрлийн хүндрүүлэх гэмт хэргийг хамруулаагүй юм. Үүний зэрэгцээ өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хүнийг энэ удаа хамруулаагүй.
Дээрх хуулийн зорилго гол нь Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгож, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад оршиж буй. Ийнхүү манай УИХ 1990 оноос хойш долоо дахь удаагаа Өршөөлийн хууль баталсан бөгөөд бусад орныхтой харьцуулахад давтамж нь маш ойр. Тухайлбал, ХБНГУ-д 2000 оноос хойш нэг л удаа ийм хууль баталж, хэрэгжүүлсэн бол БНХАУ сүүлийн 50 жилд ганцхан удаа гэмт этгээдүүдийг хуулиар өршөөжээ.
Манай улсад үүнээс өмнө 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хэмээх хуулиар татварын өртэй аж ахуйн нэгжүүдийг өршөөсөн. Ингэж татвараас зайлсхийсэн, нуусан аж ахуйн нэгжүүдийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлж байлаа. Эдийн засгийн чадамжаар тааруу улс хэрнээ өндөр хөгжилтэй орнуудынхаас хэд дахин богино хугацаанд ийм хууль баталж, гэмт этгээдүүдийг ялаас чөлөөлж, хариуцлагаас мулталдгийг эрх мэдэлд ойр хүмүүсийн төрийн нэр барьсан хуйвалдаан гэж олон нийт дүгнэж буй юм. Муу ч үр дагавартай. Татвар төлдөггүй аж ахуйн нэгжийнхэн болон иргэдэд “Тэгж л байдаг юм. Ганц, хоёр жил тэсчихвэл өршөөлд хамрагдчих юм чинь” гэсэн бодол, сэтгэлгээ суусан байдаг аж.
Энэ удаагийн Өршөөлийн тухай хуулийн төслийг танилцуулж эхэлсэн даруйд иргэд сайшаахаас илүүтэй дургүйцсэн өнгө аясаар дуугарч эхэлсэн. “Төрийн өндөр алба хашиж байхдаа гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг суллах зорилготой хууль юм байна, ингээд л “томчуудаа” өршөөгөөд байдаг юм, “жижиг” албан тушаалтнууд оролцсон гэх хэргүүдийн дийлэнх нь хэлмэгдлийн шинжтэй байдаг. Хэдхэн хүнд зориулан хууль гаргах гэж байна. Хэрвээ үгүй л юм бол Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулаад хүний амь хөнөөсөн болон хүчин үйлдсэнээс бусад хэрэгт холбогдогсдыг өршөөгөөч” гэсэн нь бий.
Уг хуулийн зургадугаар зүйлд буй авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хүмүүсийн торгуулийг төлбөрийн дүнгээс үл хамааран нэг удаа өршөөх тухай заалтыг бүр илт эсэргүүцэж байлаа. “Зөрчил гаргаад торгууль төлөхгүй байж болдог юм бол, зөв амьдраад, татвараа төлөөд явахын хэрэг байгаа юм уу. Эсвэл татвараа тэглүүлье”, “Шударга, зарчимч иргэд хохирч байна. Хууль зөрчигчид ял болон торгууль завшиж байна. Цаашид татвар, торгуулиа төлдөг нь хохирдог гэсэн ойлголт нийгэмд сөрөг хандлага үүсгэхээр юм. Луйварчид хожиж, төр үнэгүйдэх нөхцөл ч бүрдүүлэх нь” гэж байлаа.
Манай улсад Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш энэ оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6 154 933 удаагийн 169.6 тэрбум төгрөгийн торгох шийтгэл ногдуулжээ. Үүнээс 3 035 324 удаагийн 73.3 тэрбум төгрөг, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбумын торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байсан аж. Энэ бүхнийг Өршөөлийн тухай хуулиар хэрэгсэхгүй болголгүй, төлүүлсэн бол эдийн засагт хэчнээн их тустай байх сан билээ. Улиг болтол ярьдаг өнөөх сургууль, цэцэрлэгийг хэдэн арваар нь барих хөрөнгө шүү дээ.
Үүнээс чухал нь жолооч нарын гаргасан зөрчлийн цаана иргэний Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхийн баталгааны тухай асуудал хөндөгддөгийг умартах мэтээр өршөөх нь зөв үү. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хэрнээ зөрчил гаргана гэдэг бол хутга бариад гудамжинд явж буйгаас ялгаагүй эрсдэл, аюул. Тийм атал зөрчил гаргагсдыг төрийн хуулиар өршөөх нь эрдэнэт хүний амь насанд хуулийн хүрээнд заналхийлснээс ялгаагүй мэт.
Тэгвэл асуудалд өөр өнцгөөс хандах ямар механизм байж болох вэ. Эсрэгээр нь Урамшууллын тухай хуультай болох нь илүү өгөөжтэй бус уу. Татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн тухайд аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх шаардлага тулгамдаж буйг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн. Уг асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг сэргээхэд анхаарч ажиллана гэж тэрбээр мэдэгдсэн. Эдүгээ нийгмийн даатгалын санд 190 тэрбум төгрөгийн өр үүссэн аж. Манай улсад бүртгэлтэй 50 мянга гаруй аж ахуйн нэгжийн 55 орчим хувь нь өртэй юм байна. Тэдгээр байгууллага Засгийн газрын хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Тиймээс татвар, нийгмийн даатгалын өртэй, Монголбанкан дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг уг жагсаалтаас хасаж, үйл ажиллагаагаа шинэ гараанаас дахин эхлүүлж, хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэх шаардлага үүсээд байгаа гэнэ. Энэ байдалд дүгнэлт хийсэн ч татвараа цаг тухайд нь төлдөг, Монголыг тэжээгч бизнес эрхлэгчдэд зориулж, тэдний ажил, бизнесийг дэмжсэн, оновчтой шийдэл бүхий Урамшууллын тухай хууль баталж, хэрэгжүүлмээр.
-Хуулиа дээдэлж, зөв амьдарсаар ирсэн биднийг орхичихож байгаа юм уу?
Иргэдийн хувьд ч ялгаагүй. Жишээ нь, сүүлийн таван жилд зам, тээврийн зөрчил огт гаргаагүй жолооч нарыг зам ашигласны татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, эс бөгөөс тээврийн хэрэгслийн оношилгооны нэг удаагийн төлбөрийг улсаас даах ч юм уу, янз бүрийн хэлбэрээр урамшуулбал ямар вэ. Үүнийг ажил хэрэг болгож хуульчилбал яасан юм бэ.
Амьдралд урамшууллын аргаар урагш чангаан, дэвжээх функц олон. Хүн амын өсөлттэй холбоотойгоор төрөөс хүүхэд төрүүлэхийг хөхиүлэн дэмжсээр ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд төрүүлж л байвал болдог, одон авдаг, эцэст нь халамж хүлээгээд суудаг давхарга бий болох янзтай. Энэ нь хөгжил гэхээс илүүтэй эдийн засагт дарамт болох эрсдэлтэй нь харагдаж буй тул цаашид олон хүүхэд төрүүлсэн бус, харин хүүхдээ зөв хүмүүжүүлсэн эцэг, эхийг урамшуулдаг, алдаршуулдаг байхыг цаг үе шаардаж байх шиг. Ингээд жагсаагаад байвал жишээ олон. Урамшууллын механизм нийгэм, эдийн засагт илүү ашиг өгч мэдэх юм биш биз.