Цар тахлын эрсдэл нийслэлээс гадна орон нутагт ч аюул заналхийлж байна. Сүүлийн хоёр хоног дараалан аймгуудад бүртгэсэн тохиолдлын тоо нийслэлийнхээс давлаа. Тухайлбал, энэ сарын 19-нд Улаанбаатарт 544, орон нутагт 627 хүнээс коронавирус илрүүлэв. Тэгвэл өчигдөр аймгуудад бүртгэгдсэн тохиолдол 786 болж нэмэгдэн, нийслэлд 544 иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогдлоо. Өдгөө манай улсын 21 аймагт буюу орон даяар халдвар тархаад байна. Улмаар бүх аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөвхөн коронавирусээр халдварласан иргэдийг эмчилж, бусад төрлийн тусламж, үйлчилгээ зогсоход хүрэв.
Алслагдсан сумуудад ч халдвар бүртгэгдэж, тэнд иргэд хүндээр өвчилбөл эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүйд хүрчээ. Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд нийт 27 000 ор байдаг. Гэтэл үүний тал хувь буюу 14 000-ыг нь өдгөө коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчлэхэд ашиглаж байгаа. Үндсэндээ төрийн мэдлийн эрүүл мэндийн байгууллагууд бүгд шахам “Ковид-19”-ийн эмнэлэг болчихсон. Улсын хэмжээнд халдвар авсан хүний тоо энэ сараас буурч эхэллээ. Өөрөөр хэлбэл, 2000-аас давж байсан халдварын тохиолдлын тоо 1000 гаруй болж цөөрсөн. Гэсэн ч манай улсад коронавирусийн дельта хэлбэр тархсан байж болзошгүйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлэв. Түүнчлэн орон нутагт халдварын тархалт хүрээгээ тэлсээр буй нь эмнэлгүүдийн ачаалал улам нэмэгдэх, цаашлаад эрүүл мэндийн систем доголдох эрсдэл учруулж байна.
“Монгол Улсад халдвар авсан иргэний тоо нийт хүн амын 4.2 хувьд хүрлээ. Улаанбаатар хотод энэ үзүүлэлт 6.6 хувь болсон. Орон нутгаас Говь-Алтай аймагт халдварын тархалт хамгийн өндөр. Хүн амынх нь 4.5 хувь “Ковид-19”-өөр өвчилсөн. Одоогоор аймгуудад 5200 гаруй хүн коронавирусийн улмаас эмчлүүлж байна. Тэдний олонх нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийг зорих хүний тоо нэмэгдэж, тэр хэрээр халдварын тархалт ихсэх магадлалтай” гэж Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлсэн.
Улсын хэмжээнд өдгөө дөрвөн аймагт 1000-гаас бага, бусдад нь үүнээс олон хүн “Ковид-19”-өөр өвчилжээ. Халдварын тохиолдол 4000-аас давсан ганц аймаг байгаа нь Орхон. Дархан-Уул, Төв, Баянхонгор аймагт 3000-аас олон хүн коронавирусээр халдварлажээ. Үлдсэн 13 аймагт 1000-3000 хүн “Ковид-19”-өөр өвчлөөд байгаа юм. Халдварын нөхцөл байдал илт хүндэрсэн аймгаар Дархан-Уулыг нэрлэж болох аж. Тус аймагт өчигдрийн байдлаар 3790 хүн цар тахалд өртсөн байв. Хамгийн ноцтой нь Дархан-Уулд нийт шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь маш өндөр буюу 76.3 хувьтай байна. Тодруулбал, 173 сорьц шинжлэхэд 132 нь эерэг гарсныг аймгийн Онцгой комиссоос өчигдөр мэдээлсэн.
Улсын дүнгээр нийт шинжилгээнд эзлэх эерэг тохиолдлын хувь одоогоор 19 хувьтай байгаа. Эл үзүүлэлт оргил үедээ Улаанбаатарт 40 хувьд хүрсэн нь хамгийн өндөрт тооцогдсон юм. Гэтэл Дархан-Уулын үзүүлэлт үүнээс 36 хувиар илүү гэсэн үг. Тиймээс коронавирусийн тархалтыг хумихын тулд тус аймагт тандалтын шинжилгээ зохион байгуулж буй гэнэ. Аймгийн Онцгой комиссоос үүний талаар “Сайн дурын түргэвчилсэн шинжилгээг ирэх сарын 1 хүртэл өдөр бүр 10.00-16.00 цагт зохион байгуулахаар болсон. Томоохон зах, худалдааны төвүүдийн түрээслэгчдийг тандалтын шинжилгээнд хамруулж байгаа. Жишээ нь, өчигдөр (уржигдар) “Дархан” захын 1060 худалдагч, түрээслэгч шинжилгээ хийлгэхэд 36-гийнх нь хариу эерэг гарсан тул тусгаарласан. Халдварын тархалт ихэссэн ч иргэдийн амьжиргааг харгалзан үзэж зах, худалдааны төвүүдийг хаахгүй гэсэн чиглэл барьж байна. Аймгийн хэмжээнд есөн эмнэлэг, тусгаарлах байранд 404 хүн эмчлүүлж буйн 94 нь хүүхэд. Мөн жирэмсэн 12 эмэгтэй бий. “Ковид-19”-өөр өвчилсөн нэг жирэмсэн эмэгтэй өчигдөр амаржлаа. Эх, нярайн биеийн байдал сайн. Эмчлүүлж буй иргэдээс хоёрынх нь биеийн байдал маш хүнд. Тэдний нэг нь Шарын гол сум дахь гэртээ эмчлүүлж байгаа. Тухайн иргэний биеийн байдал хүндэрсэн учир эмнэлэг рүү шилжүүлэх боломжгүй. Биеийн байдал нь дээрдвэл аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирч, эмчилнэ” хэмээн мэдээлэв. Тус аймагт халдвар авсан иргэдийг тусгаарлах, эмчлэх байр, орны тоог нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчлан ажиллуулж байгаа аж.
Өчигдрийн байдлаар 4192 тохиолдол бүртгэгдсэн Орхон аймгийн хүн амынх нь 3.9 хувь “Ковид-19”-өөр өвчилж, 13 иргэн нас баржээ. Тус аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, “Ачит” эмнэлэг гэсэн гурван газарт 300 гаруй иргэн эмчлүүлж байгаа аж. Мөн 600 гаруй иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн есөн төвийн эмч нар тэднийг хянаж буй гэнэ.
Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын 22-нд хот хоорондын хөдөлгөөнийг нээснээс хойш нөхцөл байдал хүндэрсэн Баянхонгор аймагт 3354 иргэн халдвар авснаас найман хүн энджээ. Уг аймагт халдварын тархалт ихэссэн тул энэ сарын 5-15-нд хязгаарлалтын дэглэм тогтоон, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулжээ. “Аялал зугаалгын улирал эхэлж, иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, шийдвэрийг иргэдэд тогтмол мэдээлж байгаа. Гэтэл иргэд төдийлөн мөрдөхгүй, олноороо аялж зугаалж байна. Тиймээс аймаг, сум руу нэвтэрсэн хүмүүсийг бүртгэж, УОК-ын шийдвэрийн дагуу вакцинд хамрагдсан гэрчилгээ, шинжилгээний хариу, өвчлөөд эдгэрснийг нотлох магадалгаа зэргийг нь тогтмол шалгаж буй. Эсвэл түргэвчилсэн шинжилгээнд хамруулдаг. Аймгийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сулруулсантай холбоотойгоор хот хоорондын нийтийн тээврийн автобусыг өдөрт нэг удаа явуулж эхэлсэн. Халдварын тархалт ихсэх, эсэх нь иргэдээс л шалтгаална” гэж Баянхонгорын Онцгой комиссоос мэдээллээ.
Халдварын тохиолдлыг нийт хүн амд харьцуулсан үзүүлэлтээр эхэнд бичигдэж байгаа Говь-Алтай аймгийн хувьд одоогоор 2859 иргэн “Ковид-19”-өөр өвчилж, гурван хүн нас баржээ. Аймгийн төв Есөнбулаг сумд хамгийн олон хүн өвчилсөн гэнэ. Эрүүл мэндийн газраас нь мэдээлснээр сүүлийн үед эл аймагт хүүхдүүд өвчлөх тохиолдол эрс нэмэгджээ. Өдгөө 600 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас 40 орчмынх нь биеийн байдал хүнд, маш хүнд аж.
Орон нутагт хүн амын суурьшил харьцангуй сийрэг атал коронавирус голомтлон тархаад буйн шалтгаан нь халдвар хамгааллын дэглэм төдийлөн хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж албаныхан болон иргэд ч хэллээ. Наадмын амралтын өдрүүдэд найман аймгаар аялаад ирсэн иргэн “Орон нутагт халдвар хамгааллын дэглэм баримтлах, өөрөөр хэлбэл, амны хаалт зүүх, гар угаах дэглэмийг төдийлөн мөрдөхгүй байна. Жишээ нь, амны хаалт зүүх нь хүний нүд хуурах төдий. Орон нутгийн шалган нэвтрүүлэх товчоогоор гарахдаа зүүчихээд л бусад үед нь авчихаж байна. Олонх аймагт дамжин өнгөрсөн тээврийн хэрэгслийн хаалгыг битүүмжилсэн наалт наах болсон. Гэтэл шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй алба хаагч наалтыг нааж өгөх бус, “Өөрөө наачихаарай” гээд өгч байна. Бас иргэдээс вакцинд хамрагдсан гэрчилгээ, шинжилгээний бичиг шаардахгүйгээр нэвтрүүлдэг. Гол асуудал нь иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлах нь ямар ач холбогдолтойг төдийлөн ойлгоогүй явдал. Хэд хэдэн аймагт очиход зөвхөн Говь-Алтайд л тээврийн хэрэгсэл, ирсэн зорилго зэргийг бүртгэж, тэмдэглэсэн. Бусдад нь хяналт огт алга” гэсэн юм.
Коронавирусийн халдвар дотоодод дэгдсэнээс шалтгаалан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших ихэнх хугацаанд орон нутаг руу зорчих хөдөлгөөн хаалттай байсан. Хатуу хөл хориог сулруулсантай холбоотойгоор өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээсэн юм. Ингэснээр цөөнгүй иргэн нийслэлээс орон нутгийг зорьж, улмаар 13 аймагт “Ковид-19” тархаж байв. Тиймээс тухайн сарын 26-нд УОК-ын шийдвэрээр орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг дахин хязгаарласан. Энэ хугацаанд зөвхөн зайлшгүй шалтгаантай буюу хүнс, шатахуун тээвэрлэх, уул уурхай, газар тариалангийн салбарын ажилтнууд л холбогдох байгууллагуудын зөвшөөрлөөр аймгууд руу зорчиж байлаа. Тэгвэл өнгөрсөн тавдугаар сарын 22-нд хот хоорондын хөдөлгөөнийг нээж, улмаар хоёр хоногийн дараа Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа орон даяар эхэлснээр бүх аймагт коронавирус голомтлон тархсан. Нөхцөл байдал өдгөө ч сайжраагүй бөгөөд харин ч улам даамжрах хандлагатай боллоо. Тиймээс орон нутаг, ялангуяа алслагдсан бүс нутагт цар тахалтай тэмцэх, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарах шаардлагатай болжээ. Эс тэгвээс иргэд тусламж авч чадалгүй эндэх эрсдэл хэдийн үүсээд байна.