"Ачлалт хүүхдүүд" төрийн бус байгууллагынхан 2016 оноос ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, үйл ажиллагаа явуулж байна. Тус асрамжийн төвд өдгөө хөгшин настай иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй 21-96 настай 48 хүн хэвтэн эмчлүүлж буй. Харин саяхан "Ачлалт хүүхдүүд" асрамжийн төвд ковид тархсан гэнэ. Анх тус төвийн асрагчаас нь "Ковид-19" шинж тэмдэг илрэн, батлагдаж эмч, ажилтнууд, эмчлүүлэгчид бүгд өвдсөн аж. Тус төвийн эмч Я.Болороо "Хамгийн их айж байсан зүйл нь өндөр настнууд маань хүндэрч эмнэлэгт хэвтэх вий гэж бодож байсан. Харин азаар тэд маань хамраас нь нус ч гараагүй үнэхээр хөнгөн өвдөөд эдгэрлээ. Энэ нь бид вакциндаа эрт хамрагдсаных гэж бодож байна, вакцины үр нөлөө сайн байсан" хэмээсэн.
Тус асрамжийн төвийнхөн "Вероцелл" вакцины эхний тунгаа дөрөвдүгээр сарын 5-нд, хоёрдугаар тунгаа мөн сарын 28-нд хийлгэсэн ба вакцин хийлгэсэн байна. Тэдний хувьд вакцинаа эрт хийлгэсэн нь "Ковид-19" өвчний хүндрэлээс сэргийлж чадсан гэдгийг онцолж байлаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны өрхийн эмнэлгээс эмийн багц өгч, эмч нарын зөвлөгөө зөвлөмжийг сайтар хэрэгжүүлсэн нь бас нөлөөлсөн хэмээн баярласнаа илэрхийллээ.
"Ачлалт хүүхдүүд" төрийн бус байгууллага 3 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж нийтийн эрүүл мэндийн авах ёстой бүх л арга хэмжээг авч халдвар хамгааллын дэглэмээ сайтар чанд сахиж ажиллаж байгаа гэнэ. Ковидоор өвдөөд эдгэсэн ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сайтар сахихаа мартаагүй аж.