Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарынхан тамирдаж, хөл дээрээ зогсох тэнхээгүй шахам болоод буй. Хөл хорио нэртэй дөнгөнд хаалгаа цоожлуулж, төр, засгийн шийдвэрийг хүлцэн тэвчиж ирсэн хоёр жилийн хугацаанд тэд их зүйл алдсан. Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг 2300 аж ахуйн нэгжийн 90 хувь нь хаалгаа барьж, ажиллах хүчнийхээ 80 хувийг цомхотгосон талаарх статистик байна. 80 гаруй улс монголчуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй, хүлээж авахгүй гэдгээ зарлаж, манайхыг эрсдэлтэй бүсэд тооцов. Үүнээс болоод гадаадын олон жуулчин 2021, 2022 онд төлөвлөсөн, урьдчилан захиалсан аяллуудаа цуцалжээ.
Товчхондоо, монголчууд олон улсаас жуулчин хүлээж авах боломж хязгаарлагдсан. Дотоодын жуулчлалаа додомдож, монголчуудаа тоохоос аргагүй болсон аж ахуйн нэгжүүд “Ядаж амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг зөвшөөрөөч” гэж хотын дарга, НОК-ынхныг царайчилж, үүдийг нь хэдэн өдөр сахисны дүнд хариуцлагын гэрээ байгуулан, наадмын амралтаар алдаг оног ажиллав. Аялал жуулчлалын улирал (жилийн хамгийн идэвхтэй үе) юу юугүй дуусах нь. Хариуцлагын гэрээ ч хугацаатай.
Үүнээс цааш хэрхэх вэ гэж бизнес эрхлэгчид толгойгоо гашилгаж сууна. Оновчтой бодлого, эрсдэлийн үнэлгээ, цар тахлын үед аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах түр журам ус, агаар шиг үгүйлэгдэж буйг мэргэжилтнүүд хөндсөөр байна.
Гэтэл энэ асуудлыг хариуцсан, төрийн захиргааны гол байгууллагынхан нь “үлгэр шиг ажил” санаачлаад тун завгүй. Гадаадад жуулчны мэдээллийн төв байгуулж, эх орноо сурталчлах юм гэнэ. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, тартагтаа тулсан ч хамаагүй, гадаадад л ямар нэг “юм” хийх нь зүйтэй гэж үзсэн бололтой, тус яамныхан.
Манай улсад жуулчны мэдээллийн төв 10 бий. Сүүлд Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудалд нэгийг байгуулсан. Удахгүй дахин нэгийг нэмэх нь. БОАЖЯ-ныхан Бүгд Найрамдах Куба Улсад Аялал жуулчлалын мэдээллийн төв байгуулах “мэргэн” санаачилга гаргажээ. Тэр нь нарс модон шал, улаан халз бүхий цавагтай, таван ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэр байх гэнэ. Тиймээс “Нүүдлийн мэдээллийн төв” гэж тодотгожээ. Тус гэрийг Хавана хотоор аялуулж, нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёлыг сурталч лах юм байх. Ингэснээр манай улсыг сонирхох, таньж мэдэх, зорих хүсэлтэй куба иргэд эрс нэмэгдэнэ гэж “зөгнөжээ”. Нүүдлийн мэдээллийн төвийн сууц буюу гэрийг өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр шалгаруулсан байна. Үүнд улсын төсвөөс 50 сая төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, алс холын Кубын нийслэлд 50 сая төгрөгөөр жуулчны мэдээллийн төв “байгуулах” ажил хэдийн шуударсан гэсэн үг.
БОАЖЯ-ныхан ийм санаачилга гаргасан үндэслэлээ “Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх, зорилтот зах зээлийн орнуудын онцлогт тохирсон үйл ажиллагааг эрчимжүүлж, цар хүрээг нэмэгдүүлэх” гэж тайлбарлажээ. Гол зорилгоо “Монгол Улсын аялал жуулчлал, малчдын уламжлалт зан заншил, ахуйг сурталчлах замаар гадаад жуулчдын тоог нэмэгдүүлэх” хэмээн онцолжээ. Гэвч үүнийг цагаа, нүдээ олоогүй ажил гэж аялал жуулчлалын салбарынхан ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Бодлогогүй, хуумгай шийдвэр гэж унтууцан, эсэргүүцэх хүн олон.
Ингэж үзэх шалтгаан хангалттай бий. Нэгдүгээрт, манай улсын аялал жуулчлалынхан өдгөө гадаад байтугай дотоодын жуулчдаа хүлээж авах боломж хязгаарлагдмал, дийлэнх нь зогсонги байдалтай байгаа. Хоёрдугаарт, коронавирусийн тархалт, эрсдэл намжаагүй цагт гадаадын жуулчид Монголоос цэрвэсэн хэвээр байна. Ийм тохиолдолд хэчнээн сая ам.доллароор маркетинг, сурталчилгаа хийж, улс болгоны нийслэлд таван ханатай гэр бариад ч нэмэргүй шүү дээ. Жуулчдад хамгийн чухал зүйл бол тав тух, аюулгүй байдал. Гуравдугаарт, цар тахлын үед амралтын газар, жуулчны бааз, зочид буудал зэрэг үйлчилгээний газрын үйл ажиллагааг зохицуулах журам, стандарт манай улсад өнөө хэр нь байхгүй. Коронавирусийн анхны тохиолдол өмнөд хөршид бүртгэгдэж, Ази тивд тархсан үеэс эхлээд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага улс орнуудыг ийм стандарт, журам боловсруулж, эрсдэлийн үнэлгээ хийхийг зөвлөсөн. Харин манай улс энэ зөвлөгөөг нь дагалгүй, алгуурласаар өнөөдрийг хүрсэн. Монголын аялал жуулчлалын холбооны удирдлага одоо ч энэ асуудлаар төрийн өндөрлөгүүдэд хандаж, дорвитой шийдвэр хүлээсээр буй юм билээ.
Аялал жуулчлалын салбарынхныг эгдүүцүүлж байгаа гол зүйл нь БОАЖЯ-ныхан, тэр дундаа Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрынхан үүнээс ч чухал, хоолойд тулсан олон асуудлыг шийдэлгүй хойш тавьж, үл ойшоосоор ирсэн атлаа гадаад маркетинг, сурталчилгаанд “санаа тавьж” эхэлсэнд буй юм. Цар тахлын нөлөөгөөр нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч, Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танах, ач холбогдол бага төсөл, хөтөлбөрүүдийг царцаах бодлого баримтлан, улаан бүсэд нойр, хоолгүй зүтгэж буй эмч, ажилтнуудынхаа цалинг нэмж, илүү цагийн хөлсийг бүрэн олгож чадахгүй байхад гадаадынхны нүдийг баясгахад зориулж, улсын төсвийн 50 сая төгрөгөөр гэр худалдаж авна гэдэг тарчиг цагийн тансаглал мөн. Гадаад сурталчилгаа, маркетинг мэдээж чухал. Жуулчны мэдээллийн төв байгуулах нь ч зүйн хэрэг. Гэхдээ улс нийтээрээ өвчинд нэрвэгдсэн, аж ахуйн нэгжүүд нь шил даран хаалгаа барьсан, аялал жуулчлалын салбарынхан 200 мянган төгрөгийн тэтгэмж (Ажилгүйдлийн даатгалын сангаас) гуйсан хүнд цагт ийм төв байгуулах нь оновчгүй бөгөөд хэтэрсэн тэнэглэл юм.
Салбарын бизнес эрхлэгч, мэргэжилтнүүд доог тохуу хийж байна. “Энэ жилийн хамгийн хэрэгцээгүй бөгөөд “шунал” татам тендер. Куба улсад гэр бариад, эзэн нь сайхан амарч тухлаад, 50 саяыг халааслах нь. Ямар азтай золиг вэ” хэмээн ёжлох нэгэн байна. “50 саяар монгол гэр бариад жуулчин татах юм гэнэ. 60 жилийн түүхэнд тус улсаас Монголд хэдэн жуулчин ирсэн юм бол. Одоо хэд болгох зорилт тавив. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан удаан хугацаанд чимээгүй байсны эцэст аялал жуулчлалыг сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих “жинтэй” шийдвэр гаргалаа” гэж гайхах нь олон байна.
Харин тус яамныхан таг чиг. Айдгаа авдартаа хийж, зорьсон хэргээ биелүүлсэн хүмүүс шиг чимээ аниргүй.
Гадаадад, тэр дундаа Бүгд Найрамдах Куба Улсад жуулчны мэдээллийн төв байгуулах огт шаардлагагүй гэж үзэх хүмүүс ч байна. Маркетинг, сурталчилгааны чиглэлээр дагнаж ажилладаг нэгэн эмэгтэй “Манай улс гадаадад анх удаа ийм төв байгуулах болжээ. Ингэхдээ эхлэлээ маш буруу тавилаа. Жуулчны мэдээллийн төвийг гадаадад байгуулахдаа зах зээлийн голлох орнуудыг сонгодог. Тухайлбал, аль улсын жуулчид эдийн засгийн чадамжтай, Монгол орныг сонирхдог, олноор ирдэг вэ гэдгийг харгалздаг. Энэ үзүүлэлтийг авч үзвэл хятад, солонгос, америк, орос, герман, франц жуулчид манай улсын аялал жуулчлалын гол хөрөнгө оруулагч. Сүүлийн үед хятад, солонгосчууд бүлэглэн аялдаг хэв маяг өргөн дэлгэрч байна. Европын зарим орон зөвхөн хятад жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, таатай нөхцөлүүдийг санал болгож эхэлсэн. Дипломат, эдийн засгийн идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааны нөхцөл гээд Кубатай холбоотой олон асуудал хөндөгдөх байх. Гэхдээ Монгол Улсын хувьд аялал жуулчлалын ашигтай, идэвхтэй орон яагаад ч биш. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ хүрээнд хийж байгаа ажил бололтой. Цаашид анхаарууштай” хэмээсэн юм.
Аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан, туршлагатай мэргэжилтэнтэй саяхан уулзахад мөн ижил зүйл ярив. Тэрбээр “Манай салбарынхны гол алдаа нь гадаадын жуулчдад хөл алдаж, дотоодын аялагчдаа үл ойшоох хандлага. Ийм байдлаар олон жил явлаа. Энэ гажуудлыг олж харах, алдаагаа засах боломжийг цар тахлын үе бидэнд олголоо. Цар хүрээгээр нь авч үзвэл дотоодын аялал жуулчлал олон улсынхаас зургаа дахин том. Салбарын орлогын 75 хувийг дотоодын аялагчид бүрдүүлдэг. Энэ нөөц боломжоо бүрэн гүйцэд ашиглаж, дотоодын жуулчлалаа хөл дээр нь босгосны дараа гадаад маркетинг, сурталчилгаагаа идэвхжүүлэн, олон улсад “гарах” хэрэгтэй. Ингэж чадахгүй бол гадаад жуулчдыг татна, нэг саяд хүргэнэ гэж мөрөөдөх хэрэггүй” гэсэн. Аялал жуулчлал уруудан доройтохдоо хялбар, эргэж сэргэхдээ амаргүй, эмзэг салбар учир дотоод нөөц боломжоо ашиглан, өөрсдийн хүчээр тэнхрэх нь оновчтой гэнэ. Гэтэл энэ салбарын бодлого хариуцсан яам нь яг л үүний эсрэг ажилласаар байна. Тогоон доторх асуудлаа шийдэж хүчрэхгүй байж тив алгасан салбаганахын хэрэг юу сан билээ. Тэнэгийн дотор уужуу гэдэг л энэ бололтой.
Бэлтгэсэн Ж.Сувдмаа