Консерваторын газрыг хамгаалах түр хорооны гишүүд болон тус сургуулийн багш, оюутнууд, төгсөгчид, эцэг, эхийн төлөөлөл нэгдэж, олон хоногийн амралтын дараах ажлын эхний өдөр БШУЯ-ны үүдэнд бөмбөртэй жагсаал зохион байгуулав. Тэд сургуулийн мэдлийн газарт тус яамны харьяа байгууллагууд нэгдэн байшин барихаар завдаж буйг эсэргүүцэн эл арга хэмжээг зохион байгуулав. Тэд зөвхөн энэ өдөр цугласангүй. Тендерт ялсан барилгын компаниар газрыг ухуулахгүй гэж долдугаар сарын 9-нөөс эхлэн 11 дэх хоногтоо өдөржин, шөнөжин манаж хоносон юм. Мөн холбогдох байгууллагын дарга нарт шаардах бичиг хүргүүлсэн.
Асуудал юунд байна вэ. Боловсролын үнэлгээ, мэдээллийн төв болон БШУЯ-ны харьяа хэд хэдэн байгууллагын нэгдлээс Консерваторын захиргаанд хандан, хашаан дотроо оффисын барилга бариулах юм бол хөгжмийн сургуулийн нэгдүгээр буюу анхдагч байрыг сэргээн засварлаж, биеийн тамирын танхим барьж өгье гэсэн юм билээ. Уг ажлыг хөөцөлдөгчид нь энэ бүхэнд улсын төсвөөс 15.5 тэрбум төгрөг тусгуулж чадсан бөгөөд гүйцэтгэх тендерт ялсан барилгын компанийнхан газар, шорооны ажил эхлүүлэхээр хашаа хатгаад байна.
Консерваторын багш нарын олонх нь энэ талаар мэдээлэлгүй байсан тул хөндлөнгийн хүмүүс гэнэт сургуулийнх нь газарт хашаа тойруулан, машин, техник болмогц дор бүрнээ гайхаж, бие биеэсээ асууж эхэлсэн нь энэ сарын 5-ны өдөр. Гэтэл энэ нь огтоос шинэ бус, галт тэрэг хэдийн замдаа гарсан болохыг тэд хожуу мэджээ. Багш нар юу болоод байгааг сургуулийн захирал болон удирдлагын бүрэлдэхүүнээс асуухад хариулах хүн олдсонгүй. Тиймээс хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийсэн. Уг хурлаар багш нарын төлөөлөл сургуулийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх шаардлагатай тул байгаа газар хүрэлцэхтэй, үгүйтэй хэмээсэн. Тиймээс сөөмийг ч бусдад өгч болохгүй гэж мэдэгдсэн. Харин захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүү “Бид олон жил зүтгэсэн боловч сургуулийнхаа актлагдаад 20 жил болсон анхдагч корпусыг шинэчлүүлж чадахгүй байгаа нь үнэн. Энэ хүмүүсийн зүгээс тавьж байгаа саналыг хүлээж авах нь алтан боломж юм. Уг гэрээг манай сургуулийн 10 гаруй багш л эсэргүүцэж байна” гэв.
Харин багш нар “алтан боломж биш” хэмээн үзсэн. Тэд “Төр мэдээд Хөгжим бүжгийн коллежийн статусыг шат ахиулж Хөгжмийн дээд сургууль болгосон юм бол гурван шатлал бүхий сургалт явуулах боломж бүрдүүлэн, олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж бүхий цогцолбор барьж байгуулж өгөх ёстой. Энэ бол төрийн үүрэг. БШУЯ санаачилж хийлгэх ёстой. Түүнээс биш одоогийнх шиг танайх зөвшөөрчих, хариуд нь бид ингэе гэсэн тохиролцоо, наймаа байж болохгүй” гэсэн. Захирал нь анхныхаараа зүтгэсэн. Эцэст нь Консерватор (МУК)-ыг хамгаалах түр хороо байгуулж, тус сургуульд 36 дахь жилдээ ажиллаж буй цохивор хөгжмийн, Гавьяат багш Б.Зоригтоор ахлуулсан юм. Зохицуулагчаар тус сургуулийн багш, ҮУИТ-ын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарыг томилсон. Баяр наадмын өдрүүдэд ч багш нар, төгсөгчид, оюутан, сурагчдын эцэг, эхчүүдээс ирж багш нарын тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурсан нь мянга давсан байна билээ. Мөн сургуулийнхаа газраас бусдад өгөхгүй байх нь зүйтэй гэж үзсэн багш нарын тоо 100 гарчээ.
Дээр дурдсанчлан Консерваторын газрыг хамгаалах түр хорооныхон болон багш, оюутан, эцэг, эхчүүдийн төлөөлөл БШУЯ-ны үүдэнд дуу хоолойгоо өргөхөд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар гарч ирэн шаардлагыг хүлээж авсан бөгөөд БШУ-ы сайд Л.Энх-Амгалан түр хорооны гишүүдийг 14.00 цагт хүлээн авч уулзах болсон тухай мэдээлсэн юм. Үүнээс хойш гурван цагийн дараа уулзалт өндөрлөөгүй байлаа.
Сонины дугаар шилжихийн өмнөхөн түр хорооныхонтой холбоо барьж ямар шийдвэрт хүрсэн талаар асуусан юм. Тэгэхэд “БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээж авч уулзлаа. Тэр үед ямар нэгэн шийдтэй юм хэлээгүй мөртлөө биднийг гарсны дараа хэвлэлийнхэнд хандахдаа сургуулийн газраас бусдад өгөхийн эсрэг байгаа багш нарыг мэдээлэл муутай байна гэх маягаар хэлжээ. Ярианых нь өнгөнөөс манай сургуулийн газар дээр Боловсролын үнэлгээний төв болон бусад байгууллагад барилга барихыг зөвшөөрөх гэж байгаа бололтой. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ. Консерваторын хашаанд сургуулийн барилга, байгууламж л байх ёстой” гэлээ.
Консерваторын газрыг хамгаалах түр хорооны гишүүдээс авсан торуулгыг хүргэе.
Б.ЗОРИГТ (Консерваторын Удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат багш):
-Сүүлийн 30 жилийн турш улсын хэмжээнд хэдэн сургууль, цэцэрлэгийн хашаанд, газар дээр нь хөндлөнгийн байгууллагууд барилга, байгууламжаа барив. Хашаа руу нь төрийн, нийслэлийн нүүрээр дайрч, довтлоогүй сургууль, цэцэрлэг үлдсэн юм уу. Хөгжмийн мэргэжилтнүүдийг багаас нь бэлтгэдэг, үйл ажиллагааг өргөжүүлж буйтай холбоотойгоор өчнөөн тэлэх шаардлагатай ганц сургуулийн газрыг бас авна гэдэг нь уламжлал уу. Сургуулиудын хашаанд барьсан гаднын барилгууд төрийн албан тушаалтнуудын ашгийн төлөөх байгууламж л болдог шүү дээ. Бид улсын, хөгжмийн урлагийн, суралцагчдын ирээдүйн төлөө нэгдэж байна. Тэгтэл нийслэлийн төв талбайд жагсаж болохгүй гэлээ. УИХ-ын гишүүд сууж болдог, морьтнууд дайраад орж болдог атал урлагийнханд, багш нар, уран бүтээлчдэд хориотой байдаг нь шударга уу. Төрийн өндөр болон дунд шатны албан тушаалтнууд нийлж, нэгдээд луйвар хийдэг ийм нэгэн шалгарсан аргатай болжээ. Түүнийгээ хөгжмийн сургуульд хэрэглэх нь. Үүнийг яагаад ч зөвшөөрөхгүй.
Н.БУЯНБААТАР (Консерваторын багш, Урлагийн Гавьяат зүтгэлтэн):
-Консерваторын хашаанд гаднын байгууллага барилга барих нь Боловсролын тухай, Дээд боловсролын тухай зэрэг олон хууль, тогтоомж зөрчиж байна. Хоёрхон жишээ татъя. Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн зургадугаарт “Боловсролын сургалтын байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан тогтоосон, сургалтад зориулсан эзэмшил газартай байна” гэсэн заалт бий. Мөн Боловсролын тухай хуульд “Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна” гэж тодорхой заасан. Консерватор гэдэг бол хөгжмийн дээд сургууль. Олон шатлал бүхий сургалт явуулдаг газар. Үүнийгээ хэрэгжүүлэхэд дутагдаж буй барилга байгууламжийг барьж өгөөч гэж яам, Засгийн газарт хүсэлт тавьдаг. Өөрөөр хэлбэл, сургууль сургалтаа зохистой явуулахад шаардлагатай барилга, байгууламжуудыг барьж өгөөч л гэж байгаа юм.
Б.ГАНХӨЛӨГ (Консерваторын төгсөгч, цохивор хөгжимчин):
-Би энэ тусгай сургуулийг төгссөн хөгжимчин, иргэний хувиар багш нарын тэмцэлд нэгдэж байна. Урлагийг бий болгодог уран бүтээлчдийг бэлтгэдэг, төгсгөдөг, ажлын байранд хүргэдэг ийм сургуульд өөрт нь дутагдалтай байгаа газар дээр нь оюутны байр бүхий сургуулийн цогцолбор барьж байгуулна уу гэхээс бусдад өгч болохгүй. “Та нарт хэрэгтэй нэг байгууламж барьж өгье. Оронд нь газрынхаа 50 хувийг өгчих” гэж байна шүү дээ. Ийм байж болох уу. Би айлд очсоноо “Би танайд тустай нэг юм хийж өгье, оронд нь гэрийн чинь зай талбайн талд нь амьдаръя” гэвэл яах вэ. Ийм л юм болоод байна. Удирдлага сургуулийн хаалгыг хаасан. Хөгжим, зэмсгүүдийг цоожилсон. Гэхдээ бид бөмбөртэй ирсэн. Бухимдал дээд цэгтээ тулж байна.
Багш нар, төгсөгчид ийнхүү ярьж байна. Консерватор нь ашгийн төлөө бус, улсын буюу төсвийн байгууллага тул дээрх хуульд зааснаар үүсгэн байгуулагч төрөөс барилга байгууламж болон бусад хангамжийг нэхэх, шаардах эрхтэй. Мөн сургуулийн газарт ногоон байгууламж 40-өөс доошгүй хувь, биеийн тамирын задгай талбай заавал байх ёстой гэсэн улсын стандартыг мөрдөх ёстойг сануулж, сургуулийн мэдлийн газарт Боловсролын үнэлгээ, мэдээллийн төв болон бусад байгууллагын барилга барихыг эрс эсэргүүцэж, энэ оны тавдугаар сарын 12-нд үзэглэсэн гэрээг цуцлахыг шаардаж байна.
Түр хорооныхны БШУ-ы сайдтай хийсэн нүүр тулсан уулзалт өчигдөр 17.00 цагт өндөрлөөгүй байлаа.