Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу улсын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан бараа, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан олгоод таван жил өнгөрсөн. Уг хуулийг хэрэгжүүлж эхлүүлсэн 2016 онд НӨАТ-ын буцаалтад 498 000 орчим иргэн, аж ахуйн нэгжид 35.1 тэрбум төгрөг олгосон бол өнгөрсөн жил 1.1 сая гаруй худалдан авагчид 165.3 орчим тэрбумыг өгсөн. Энэ нь худалдан авалтын баримт бүртгүүлэгчийн тоо таван жилийн хугацаанд 2.2, буцаан олголтод зарцуулсан хөрөнгийн хэмжээ дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. 2016-2019 онд жилд хоёр удаа НӨАТ-ын буцаалтыг өгч байсан ч өнгөрсөн жилээс улирал бүр иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн билээ. Энэ оны нэгдүгээр улиралд нэг сая гаруй иргэн, аж ахуйн нэгжид 40.6 тэрбум төгрөг олгосон аж. Тэгвэл өнгөрсөн улирлын худалдан авалтын баримтын бүртгэлд үндэслэн 1.1 сая иргэнд 45.4 тэрбум төгрөгийг өнөөдөр багтаан шилжүүлэхээ Татварын ерөнхий газраас мэдээллээ.