Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор бүтээсэн “Бид мартахгүй” хүндэтгэлийн хөшөөний нээлтийг хийжээ. Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийг ойг тохиолдуулан бүтээсэн эл хөшөөний сууринд баатарлаг үйлсийн эздийн дурсгалыг мөнхжүүлсэн бичээс, тайлбарыг сийлсэн аж. Тээврийн цагдаагийн албанаас энэ үеэр төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа ариун үйлсийг дурсаж, ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлсэн байна. Тус өдөрлөгт албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан 9 алба хаагчийн гэр бүлийн гишүүд ирж, талийгаачдын тухай гэгээн дурсамж хөврүүлсэн аж.
Хөшөөний ерөнхий харагдах байдал нь тэнгэр өөд цойлсон шонхор шувуун дүрс бүхий хананд Монгол Цагдаагийн ёсолгоо бүхий дүр. Энэ нь өргөсөн тангаргатаа үнэнчээр зүтгэсэн Монгол цагдаа эрхэм нандин үүргээ гүйцэтгэж яваад гэр орон, хань ижил, үр хүүхдүүд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээж , эр зоргийн дууль болон тэнгэрт одсныг өгүүлж буй аж.