АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Венди Шерман энэ долоо хоногийн эцсээр Монгол Улсад айлчлах талаар Америкийн Төрийн департаментын цахим хуудсанд мэдээлжээ. Тэрбээр манай албаны хүмүүстэй уулзаж, стратегийн түншлэлээ бэхжүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс, тухайлбал, шашин шүтэх эрх чөлөө, уламжлалт соёлын онцлог, ёс заншлаа хүндэтгэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хатагтай Венди Шерман манай улсад ирэхийн өмнө Япон, БНСУ-д айлчилна. Токиод тэрбээр Японы төлөөлөгчидтэй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дэлхийн хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлууд хэлэлцэх аж. Мөн Японы Гадаад хэргийн дэд сайд Мори Такэо, БНСУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чой Жон Кун нартай БНАСАУ-тай холбоотой бүс нутгийн асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн хүн амын эрүүл мэнд зэрэг талуудын өмнө тулгарч буй сорилтуудыг зохицуулах чиглэлээр гурван тал хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ. Цааш тэрбээр БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, Гадаад хэргийн тэргүүн дэд сайдтай стратегийн яриа хэлэлцээ хийхээр Сөүл хотыг зорино. Үүний дараа Улаанбаатарт айлчлах аж. Төрийн нарийн бичгийн даргын орлогч энэ долоо хоногт хийх айлчлалынхаа үеэр Энэтхэгийн болон Номхон далайн бүсэд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих, олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг сахиулах чиглэлээр холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран ажиллах АНУ-ын үүрэг амлалтыг дахин нотлох гэнэ.
Бэлтгэсэн З.Гал