Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, авлига, хүнд суртлыг таслан зогсоож, авлигын индексийг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулав. Үүний хүрээнд эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг тус ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси интернэшнл” олон улсын байгууллагаас улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн авлигын төсөөллийн индексийг жил бүр боловсруулдаг бөгөөд өнгөрсөн оны дүнг энэ жилийн нэгдүгээр сард дэлхий нийтэд зарласан билээ. Индексийн дүнгээр манай улс 35 оноо авч 180 улсаас 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн юм. Энэ нь өмнөх оныхтой ижил оноо боловч таван байраар ухарсан үзүүлэлт. Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг явдал нэмэгдсэнтэй холбоотой байж болохыг судалгааны дүнд дурдсан байдаг. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулах болон гэрээ, хэлцэл байгуулахад авлига өгөхөөс аргагүйд хүрдэг гэх шалтгаан ч бий. Засгийн газраас гаргасан шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэд төрийн үйлчилгээг авахдаа хүнд суртал, авлигатай нүүр тулдгийн тод жишээ нь Замын-Үүдийн боомтод үүссэн асуудлаас тодорхой харагдаж байна хэмээн албаныхан хэлж буй.
Иймд олон улсын байгууллагын судалгаа, дүгнэлт болон Монгол Улсад тулгараад буй нөхцөл байдлыг харгалзан төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгааг таслан зогсоох, бизнес эрхлэгчдэд учирдаг дарамт, хүнд суртал, авлигыг бууруулах, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах зорилготой тус ажлын хэсэгт авлигын индексийг бууруулах үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөл багтжээ. Ажлын хэсгийхнийг төлөвлөгөө боловсруулж ажиллах нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн байна. Тухайлбал, авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 111 дүгээр байрт жагсаж байгааг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж буй аж. Түүнчлэн авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль, эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэгт илүүтэй төвлөрч ажиллах юм байна.
Бэлтгэсэн Б.Уран