Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Цар тахлын үед олон олон эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэдий бүгд хувийн хэвшлийн байгууллага ч гэлээ нийгмийн хариуцлагаа дээдэлж, ашгийг урьтал болголгүй ажиллаж, цар тахлыг даван гарахад хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлье" хэмээн нүүр номоороо дамжуулан мэдэгдлээ. Улмаар Эрүүл мэндийн яам анх PCR оношлуурыг 55 000, ремдезивир тариаг 149 600 төгрөгөөр худалдан авч байсан бол өдгөө PCR оношлуурыг 28 000, ремдезивир тариаг 50 000 төгрөгөөр худалдан авч байна. Худалдан авах үйлдвэрлэгчдийн сонголтыг өргөтгөж мөн олон улсдаа бөөнөөр үйлдвэрлэх явц нэмэгдэж үнэ хямдарч өнөөдөр Эрүүл мэндийн яам нөөц бүрдүүлэх боломж бүрдлээ. Мэдээж чанар чухал. Гэхдээ чанартайг нь ч худалдан авахдаа нэг ч төгрөгийг нэг гэлтгүй хэмнэж чадвал "олны олон таван цэн" гэдэг шиг хэмнэлт бүрээс бид илүү олон оношлуур, эм тариаг худалдан авах боломж бүрдэж тэр хэрээр илүү олон хүнийг эмчилж, оношилж чадна гэжээ.