Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Женев төвтэй Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мариатоу Яптай танилцах уулзалт хийлээ.
Энэ үеэр хатагтай М.Яп-ыг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүндтэй хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Монгол Улс ОУИХБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2002 онд элсэн орсноос хойш манай Онцгой байдлын албаны боловсон хүчнийг чадавхыг бэлтгэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа онцлов.
Ерөнхий нарийн бичгийн дарга М.Яп энэ жил ОУИХБ үүсэж байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэж, цаашид байгалийн гамшиг, онцгой байдлын салбарын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улстай үргэлжүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн тэрээр Монгол Улсын ой, хээрийн түймэртэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх зорилгоор ОХУ-д үйлдвэрлэгдсэн УАЗ-390945 загварын 20 автомашин хандивлаж байгааг энэ үеэр уламжлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.