Бүгд Найрамдах Исланд Улс 2015 оноос эхлүүлсэн ажлын дөрвөн өдрийн горимд шилжих туршилтаа амжилттай хэрэгжүүлж дууссанаа зарлалаа. Долоо хоногийн дөрвөн өдөрт ажиллаж, хөдөлмөрийн цагийг багасгах нь аливаа бүтээмжид ямар нэг сөрөг нөлөөгүй болох нь туршилтын хугацаанд батлагдсан гэж тус улсын эрх баригчид мэдээлжээ. Мэргэжилтнүүдийнх нь онцолсноор хөдөлмөрийн цагийг богиносгосноор аз жаргалын индекс өссөн аж. Иргэний нийгмийн байгууллагуудын шахалтаар долоо хоногийн дөрвийг нь албан ёсны хөдөлмөрийн өдөр болгон 2019 он хүртэл туршсан бөгөөд өнгөрсөн хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн янз бүрийн ажил, алба эрхэлдэг 2500 гаруй хүнийг, тодруулбал, тус улсын хөдөлмөрийн насныхны нэг хувийг үүнд хамруулжээ. Тэдний цалинг бууруулахгүйгээр долоо хоногт ажиллах цагийг 4-5-аар бууруулан 35-36 болгох горимд шилжсэн аж. Эл судалгааг хэрэгжүүлэх хугацаа 2019 онд дуусаж, түүнээс хойш өнөөг хүртэл үнэлгээ хийж, цаашид үргэлжлүүлэх боломжийг хууль, эрх зүйн хүрээнд авч үзсэн юм байна. Туршилтыг зохион байгуулсан “Автономи” хүрээлэн, “Алда” төрийн бус байгууллагынхны тайланд “Цалин хөлс, орлогын түвшний ялгаа харьцангуй бага, эрүүл мэндийн сайн тогтолцоотой, хөгжингүй эдийн засагтай Исландын хувьд үр ашиггүй урт хугацаагаар ажилладаг хуулийг өөрчилж, хөдөлмөрийн цагийг 35-36 болгон богиносгон, ажлын дөрвөн өдрийн горимд шилжих нь зүйтэй” гэж дурджээ. Энд нэг зүйл онцлоход, тус улсад хэрэгжүүлсэн уг төсөлд хамрагдсан байгууллага болгон ажлын дөрвөн өдөрт шилжээгүй ч хөдөлмөрийн цагийг 35-36 байхаар зохицуулсан юм байна.
Бэлтгэсэн Э.Хана