Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг, тамирчдад амжилт хүслээ.
“Токио-2020” олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон Улсад зохион байгуулагдана. Тус наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм.
Харин “Токио-2020” паралимпын наадам 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болно. Тус наадамд Монгол Улсаас пара спортын 6 төрөлд 9 тамирчин эрхээ аваад байна.
Баг, тамирчдад амжилт хүсэх ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Төрийн далбааг олимпод оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшигт гардуулан өгөв. Ийнхүү Үндэсний шигшээ багийн тамирчид Токиогийн тэнгэрт мандуулах Төрийн далбаагаа хүлээн авлаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ТАМИРЧДАД АМЖИЛТ ХҮСЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
“Эрхэм хүндэт олимп, паралимпын баг тамирчид, дасгалжуулагчид аа! Албаны төлөөлөгчид өө!
Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд спортын 10 төрлөөр 43 тамирчин, зуны паралимпын XVI наадамд 6 төрлөөр 9 тамирчин оролцох эрхээ авсан байна.
Тусгаар тогтносон Монгол Улсын ард түмний хийморь золбоо, итгэл сэтгэлийг тээсэн тамирчид маань олимпын бэлтгэл сургуулилтаа эх орондоо ханган хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорихоор Токиог зориход бэлэн болсон байна.
Энэ удаагийн олимпод манай баг тамирчид анх удаа шинээр спортын тоглоомын “3х3” сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр олимпын эрх авсанд талархаж байгаагаа илэрхийлье.
“Токио-1964” олимпоос Монгол Улсын олимпын түүхийн хуудсыг эхлүүлсэн, “Бээжин-2008” олимпоос анхны алтан медаль авсан бахархалт амжилтыг ахиулах, олимпын шинэ аваргуудыг төрүүлэх, Монголын спортын түүхэн замналыг баяжуулах чухал хариуцлагатай цаг мөч бидний өмнө тулгараад байна.
Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг олимпын наадамд Монголын баг, тамирчид, дасгалжуулагчид 2008 оны Бээжингийн олимпоос “Олимпын аваргууд”-ыг өлгийдөн авсан цаг саяхан санагдаж байна.
“Токио-2020” зуны олимпод бэлтгэх стратеги хөтөлбөрт тусгасан эрхийн болзлоо биелүүлэхэд төр, засгаас анхаарал хандуулж, олон байгууллага, хүмүүсийн хичээл зүтгэл, дэмжлэг туслалцаа үзүүлснийг Та бүхэн санаж, олимпын наадамдаа өндөр хариуцлагатай оролцож, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлнэ гэдэг гүнээ итгэж байна.
Та бүхнийг дэлхий нийтэд тархаад байгаад цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөн, итгэл найдварыг дааж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот Төрийн далбаагаа олонтаа мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Амжилт хүсье!” гэлээ.
Эх сурвалж: ЕТГ