Улаанбаатар хотын төв хэсэг буюу бидний нэрлэдгээр Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд 3.2 тэрбум төгрөгөөр барьсан усан оргилуурыг энэ он гарсаар ажиллуулсангүй. Өнгөрсөн пүрэв гарагт тэнд очиход оргилуурын усан сангийн ёроолд шороо тунаж, төмөр хийц нь сэрийн, энд, тэнд нь ороож бөхөлсөн цахилгааны утсууд хөглөрч байсан нь эвдэрч, сүйдсэн мэт эвгүй харагдана билээ. Ойролцоо нь хэдэн хүүхэд дугуйт тэшүүрээр гулган, сандлууд дээр нь ганц хоёр хүн сууж байв. Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Ц.Юмсүрэн “Энэ хавиар явж байгаад амарч байна. Би хотод төрж, өссөн. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд ийм оргилуур барих шаардлагагүй, олон модтой, боломжийн ногоон байгууламжтай байсан. Модыг нь сугалж холдуулаад, илүү тохижуулсан гэх ч халуун өдөр сүүдэрлээд суучих талбай алга. Ядаж усан оргилуураа ажиллуулбал сэрүү татаад арай дээр байх сан. Нэлээд хөрөнгө зарж хийсэн гэсэн дээ, ажиллуулахгүй байхыг бодоход эвдэрсэн юм болов уу” гэв.
Дээрх оргилуурыг барихад 3.2 тэрбум төгрөг зарцуулсан, эсэх нь ч эргэлзээтэй санагдсан. Оргилуурын хийц болон орчны тохижилтын ажлын зураг, төслийг уралдаан зарлан, шалгаруулсан. Үүнд “Төвшингүүд констракшн” компанийн зураг төсөл шалгарч 20 сая төгрөгөөр шагнуулсан байдаг.
Эл оргилуурын талаар нийслэлийн иргэд нэг ч удаа таатай сэтгэгдэл хэлж байгаагүй гэхэд болно. “Ногоон байгууламж сүйтгэх нь, зуны гуравхан сар ажиллуулах зүйлд их хөрөнгө зарах нь, коронавирусийн аюул заналхийлж буй үед улсын төсвийг дэмий зүйлд зарцууллаа” гэх мэтээр үргэлж сөрөг байр суурь илэрхийлж, эсэргүүцэж байсан. Харин 2020 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан С.Амарсайхан “Шүүхийн шийдвэр нэртэйгээр нийслэлийн төв хэсгийн зарим талбайг хувьдаа авах гэсэн томоохон сүлжээ, бүлэглэл байна. Хотын захиргаа зорилго, төлөвлөгөөнөөсөө буцахгүй, хөгжимт усан оргилуур барих ажлаа зогсоохгүй” гэж зүтгэсээр хийсэн юм.
Маргаж, мэтгэж явсаар усан оргилуурыг нэгэнт ашиглалтад оруулсан. Гэтэл яагаад энэ жил зуны дунд долдугаар сар гарчихаад байхад ажиллуулахгүй байгааг иргэд асууж, сураглаж байна. Мөн цистернээр ус зөөж худгийг нь дүүргээд, эргэлдүүлж оргилуулдаг гэдэг нь хүмүүсийн уур унтууг бараад байгаа юм. Энэ талаар “Хот тохижилтын газар” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын (ОНӨААТҮГ) дарга Б.Мөнхцэцэгээс тодруулахад “Ус зөөж оргилуурыг ажиллуулдаггүй. Олон нийтийн сүлжээнд оруулсан цистерний зургууд бол эргэн тойрных нь ногоон байгууламжийг услахаар ус зөөж буй хэрэг. Харин оргилуурын дөрвөн мотор эвдэрсэн учраас урд хөршөөс худалдан авахаар захисан, удахгүй авчирна. Коронавирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор иргэд, хүүхдүүдийг олноор цугларахаас сэргийлж оргилуурыг ажиллуулахгүй байгаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер долдугаар сарын 10 гэхэд ажиллуулахад бэлэн болго гэсэн тул манайх цэвэрлэж, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн” гэлээ. Олон хүн цуглахаас сэргийлж оргилуурыг ажиллуулахгүй байгаа гэх ч дөрвөн мотор нь эвдэрснийг Б.Мөнхцэцэг хүлээн зөвшөөрөв. Түүнчлэн оргилуур өөрийн худгаас тэжээгддэг юм бол орчин тойрных нь ногоон байгууламжийг услахад тэр худгийн усыг ашиглахгүй яагаад цистернээр зөөдгийг тэрбээр тайлбарлаж чадсангүй. Мөн шинэ моторыг ямар үнээр худалдан авах тухай мэдээлэл өгөх боломжгүй, оргилуурын урсгал засвар, үйлчилгээний зардлыг “Хот тохижилтын газар”-ын ногоон байгууламжийн арчилгааны төсөвт шингээсэн, жилд хэдэн төгрөг зарцуулах талаар хэлэх боломжгүйг дурдсан юм.
Иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй өөр нэг зүйл бол уушги орлуулах ECMO (extra¬corporeal membrane oxygenation) болон хүчилтөрөгчийн аппаратын тоог олшруулахад хотын удирдлага санаа тавихгүй, иргэдийн саналаас зөрүүдэлсээр дээрх оргилуурыг барьсан явдал. Коронавирус нь агаар дуслаар халдварлаж, явц нь хүндэрвэл уушгины эд, эсийг гэмтээж, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг огцом бууруулдаг. Ингэснээр бүрэн ажиллагаагүй болсон уушгийг ЕCMO-оор орлуулж, яаралтай тусламж үзүүлдэг. Гэтэл уг аппарат улсын хэмжээнд одоогоор гуравхан байгаа нь дэндүү бага тоо. Нэг бүр нь 350 сая төгрөгийн үнэтэй ECMO-ыг хаанаас, ямар хөрөнгөөр худалдан авахаа шийдээгүй, төсөвт суулгаагүй хэмээн эрх бүхий албан тушаалтнууд нь өдгөө хоорондоо маргалдаж буй. Мөн хүчилтөрөгчийн аппарат хүрэлцээгүй учраас эмнэлгийн тасгуудад дараалал үүсэн, иргэд аппаратыг ээлжлэн ашигласаар. Хүчилтөрөгч гаргадаг зөөврийн нэг аппаратыг сая орчим төгрөгөөр томоохон эмийн сан, бөөний төвүүдээс худалдан авч болох юм. Гэтэл 10 ECMO, 3500 ширхэг хүчилтөрөгчийн аппарат авах мөнгөөр хөгжимт усан оргилуур барьчихаад ажиллуулах ч үгүй, ажиггүй байгаа нь бодит үнэн.
Дээрх оргилуурыг барихад 3.2 тэрбум төгрөг зарцуулсан, эсэх нь ч эргэлзээтэй санагдсан. Оргилуурын хийц болон орчны тохижилтын ажлын зураг, төслийг уралдаан зарлан, шалгаруулсан. Үүнд “Төвшингүүд констракшн” компанийн зураг төсөл шалгарч 20 сая төгрөгөөр шагнуулсан байдаг. Харин ажлыг бүхэлд нь “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ынхан хийсэн. Тухайн үед уг газарт ажиллаж байсан нэгэн “2020 оны дөрөвдүгээр сараас бараг долдугаар сар хүртэл бид хоёр ээлжээр, 24 цагаар оргилуурын бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Ээлжүүд 09.00-21.00, 21.00-09.00 цагт ажилласан. Хашаа барин, хаалгыг нь “Хот тохижилтын газар”-ын дарга байсан Бямбадорж түгжээд, биднийг гаргадаггүй байв. Би хувьдаа ногоон байгууламжийн төлөвлөгөөт ажлын хажуугаар хонон өнжин зүтгэсэн ч нэг ч төгрөгийн урамшуулал аваагүй. Тохижилтын ажлыг хийлцсэн зарим ажилчинд 500 000 төгрөгийн нэмэлт цалин өгсөн байсан” хэмээн ярив. Эндээс харахад ажилчдын цалинд төдийлөн их мөнгө зарцуулаагүй бололтой. Усан оргилуурын хийц, материалыг харсан ч 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэхэд арай л чамлахаар.
Улаанбаатарт ногоон байгууламжгүй, шороо боссон газар олон. Харин ч Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэг бол цөөнгүй мод, бут тарьж ургуулсан, тохижилт сайтай хэсэгт тооцогдож байв. Тэгээд ч дэлхий дахин “Ковид-19” өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ, яаж хохирол багатай даван туулах вэ гэдэгт анхаарал хандуулж, шаардлагагүй хөрөнгө оруулалтаа царцаан, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад илүүтэй анхаарсаар ирлээ. Гэтэл манайх ажилладаггүй, ус зөөж хийдэггүй гэх ч орчных нь талбайг зөөврөөр усалдаг “усгүй” оргилуур барьж, улсын төсөвт үрэлгэн хандсан. Түүнчлэн энэ сарын 10-наас оргилуураа ажиллуулж эхэлбэл коронавирус тархаж буй өнөө үед олон хүн цуглуулахгүй гэсэн бодлогоо зөрчихгүй юм болов уу. Улсын төсөв “уйлах”, “улайх” биш, Андлалын хөшөө, хөгжимт усан оргилуур зэрэг болхи хийцтэй байгууламжийг шаардлагагүй газарт, буруу цагт барьсанд иргэд бухимдалтай байна.