"Загасыг зориудын аргаар үржүүлж, байгалийн нөөцийг нөхөн сэргээх нь" төслийнхөн зэвгийн 20.000 жарамгайг Туул голд нутагшууллаа. Анх 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар тус төслийн багийг бүрдүүлж, "Туул ижий" сантай хамтран загасыг зориудын аргаар үржүүлэх болсон билээ. Өнгөрсөн хугацаанд буюу 2012-2014 онд 25.000, 2017 онд 8.000-10.000, 2019 онд 80.000, 2020 онд 50.000, энэ онд 20.000 зэвгийн жарамгайг Туул голд нутагшуулаад байна. Энэ талаар тус төслийн ажилтан, ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Усны нөөц, ус ашиглалтын салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, загас судлаач Б.Мэндсайхан "Зориудын аргаар бойжуулсан зэвэг загасны 20 000 гаруй жарамгайг Туул голд өчигдөр нутагшууллаа. Зэвгийн 10.000 түрс тутмын нэг нь бие гүйцсэн загас болдог. Харин зориудын аргаар, лабораторид үржүүлж, 2.5-3 сантиметр болсон хойно нь голд нутагшуулбал 10.000 түрсний 50-80 хувь нь бие гүйцсэн загас болдог. Тиймээс загасыг зориудын аргаар үржүүлэх нь устаж үгүй болохоос хамгаалж буй хэрэг юм. Энэхүү төсөл нь дан ганц загас үржүүлэхээс гадна үндэсний хэмжээний мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр болж буй. Төслийн багт ажиллаж, судалгаа хийсэн оюутнууд дундаас зургаан бакалавр, гурван магистр, нэг доктор "төрөөд" байна" гэв.