Өнгөрсөн 10 хоногт үерийн далан сувгийн барилга, байгууламж, гуу жалга, авто замын үерийн усны шугам хоолой, сувгийг цэвэрлэж, ус нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, орчныг хог хаягдалгүй байлгах үүрэг, даалгаврыг хотын дарга өгсөн. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр энэ чиглэлээрх ажил хэвийн үргэлжилж байгаа гэсэн ч иргэдээс ирүүлэх гомдол тасрахгүй байгаа юм. Дээрээс нь өнгөрсөн өдрүүдэд бороо их орсны улмаас авто болон явган хүний замд ус ихээр тогтож, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулсан. Тиймээс хотын дарга зам, замын байгууламжийн нөхөөс, засвар үйлчилгээний ажлыг шуурхай дуусгахыг үүрэг өгөв. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабель утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг даалгалаа.
Үүнээс гадна барилга угсралтын ажил нь зогссон сургууль, цэцэрлэг, тэдгээрийн аюулгүй байдлыг хангуулж, сургууль, цэцэрлэгийн гадна орчныг стандартын шаардлагад нийцүүлэн тохижуулах ажлын явц, гүйцэтгэлийн талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр ярьж, зарим маргаантай асуудлаар шүүхэд хандахаар болов.