Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Улаанбаатарын хэмжээнд 54 980 хүн гэрийн тусгаарлалтад байгаа бол 19 тусгаарлах байранд 1321 хүн байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис танилцуулав. Түүний хэлснээр “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд долдугаар сарын сүүлээр ашиглалтад орох Түлэнхийн төвд 200 ор, эмнэлгийн зориулалттай байранд нийт 400-500 ор дэлгэх боломжтой. Гэхдээ тусгаарлах байрыг нэмэхэд, ор дэлгэхэд хүний нөөцийн асуудал хүнд байгааг хэлэв. Түүнчлэн өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдэд Спутник V вакцины II тунг хийж эхлүүлэх аж. Ингэснээр I тунгаа хийлгээд 2-3 сар болсон ахмадууд дархлаажуулалтад бүрэн хамрагдах боломж нээгдэж буй.