Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн Хадан хушуу гэх газар аянга буусны улмаас хоёр хүн амиа алдсан тухай дуудлагыг өчигдөр 19.11 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ. Тодруулбал, дөрвөн мотоциклтой, долоон хүн Баян-Өндөр сумаас шатахуун худалдан авч, Зүлэгт багт байрлах гэр лүүгээ буцаж явахдаа 17.30 цагийн орчимд аянгад цохиулсан гэнэ. Улмаар хоёр иргэн газар дээрээ нас барсан байна.
Дуудлага хүлээн авсны дараа Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 19.17 цагт тухайн газарт очиход дээрх сумын харьяат тус бүр 21 настай, эрэгтэй, хоёр малчин аянгад цохиулж нас барсан байжээ. Улмаар цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.