Б.НАНДИН -Тодорхой харилцааг зохицуулсан дүрмийг нийслэлийн ИТХ батлах нь
Орон нутгийн бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өнгөрсөн оны сүүлчээр шинэчлэн баталсан. Уг хуулийг ирэх оноос хэрэгжүүлж эхлэх бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагын чиг үүргийг нарийвчлан зааглаж, эдийн засаг, санхүүгийн тодорхой эрх мэдэл олгосон юм. Нийслэлийн болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг үүнд нийцүүлэн баталснаар Үндсэн хуульд оруулсан, засаг захиргааны шинжтэй өөрчлөлт “амилна”. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, өргөн барьснаар УИХ-аар хэлэлцэж байна. Гэхдээ Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гэж нэрлэхээр тогтжээ. Нийслэлийг нийгэм, эдийн засгийн хувьд бие даалгах, хүн амын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт, орчин үеийнх болгон, дагуул суурин, тосгодыг хөгжүүлэх, удирдлагынх нь эрх зүйн байдлыг боловсронгуй болгох үзэл баримтлалтайгаар төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөлд ямар шинэлэг зохицуулалт тусгасан талаар танилцуулъя.
Долоон бүлэг, 51 зүйлтэй төслийн эхний бүлэгт хуулийн зорилт, үйлчлэх хүрээнээс гадна нийслэл хотын зохион байгуулалтын үндэс, хөгжүүлэх бодлого, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг тусгажээ. Тодруулбал, нийслэл нь эдэлбэр газартай, эдэлбэр газар нь бүсчлэл, дүрэмтэй байх аж. Засгийн газраас тогтоосон шалгуур үзүүлэлтийг үндэслэн нийслэлийн ИТХ-аас бүсчлэл, дүрмийг нь батлах юм байна. Харин хоёрдугаар бүлэгт нь нийслэл хотын чиг үүрэг, дүрмийн талаар тусгажээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийслэлийн чиг үүргийг заасан байдаг. Жишээ нь, нийслэлийн хөгжлийн бодлогыг төлөвлөх, өмч ашиглах, эзэмших, захиран зарцуулах, хяналт тавих, албан татвар, төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох, харьяа Орон нутгийн хөгжлийн, Жижиг, дунд, үйлдвэрийн санг удирдах, худалдаа, үйлчилгээ, нийтийн тээвэр, замын хөдөлгөөн, цахилгаан, дулааны сүлжээг зохицуулах зэрэг чиг үүрэгтэй. Тэгвэл эдгээрээс гадна нийслэл нь хот болохын хувьд удирдлага нь тусгай болон бусад чиг үүргийг хариуцах аж. Тухайлбал, тусгай чиг үүрэг нь төрийн дээд, төв байгууллага, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн дэд бүтцийг бүрдүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах, олон улсын зорчигч, ачаа тээвэр, ложистикийн үйл ажиллагааг зохицуулах, нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалах, хамгаалах, нутаг дэвсгэр дэх голыг хамгаалах, орчныг нь тохижуулах, дамжин өнгөрөх олон улсын чанартай авто зам барих, арчлах, засварлах, иргэдийг нийгмийн болон инженерийн дэд бүтцээр хангах, агаар, хөрс, дуу чимээний бохирдлыг бууруулах зэргийг багтаажээ. Гэхдээ эдгээрийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Энэ нь олон улсын туршлага бөгөөд Сөүл хотын удирдлага Хан мөрнийг арчлах, хамгаалах ажлыг Засгийн газартайгаа хамтран жилд 47.9 тэрбум вонноор хийдэг байна.
Түүнчлэн хотын аж ахуйн тодорхой чиг үүрэг буюу нийслэлийг хөгжүүлэх сангийн менежментийг хариуцах, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын хүний нөөцийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх, орчны аюулгүй байдал, хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх, ундны болон ахуйн хэрэглээний төвлөрсөн усан хангамж, хэсэгчилсэн инженерийн хангамж, ус, дулаан, цахилгаан, гадна болон явуулын зар сурталчилгааг зохицуулах, хянах чиг үүргийг нийслэлийн удирдлагад хариуцуулах юм байна.
АЖ АХУЙН ЗАРИМ БҮРЭН ЭРХИЙГ ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРТ ШИЛЖҮҮЛНЭ
Төсөлд тусгасан нэг онцлог зохицуулалт нь нийслэл хот өөрийн дүрэмтэй байх аж. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, зам арчлах, хамгаалах, шашны, соёлын, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлуудыг бүртгэн, зэрэглэл тогтоох, мал, тэжээвэр амьтныг зохицуулах, таксины, хүргэлтийн үйлчилгээ, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон ашиглах нөхцөл зэргийг дүрэмд тусган, ИТХ нь батлах гэнэ. Ингэхдээ дүрмийн төсөлд олон нийтийн саналыг заавал авч, баталсны дараа иргэдэд таниулах боломж олгох зорилгоор гурваас доошгүй сарын дараа дагаж мөрдөхөөр зохицуулжээ.
Үндсэн хуульд зааснаар нийслэл нь “эдийн засаг, нийгмийн цогцолбор”. Тиймээс тусгай болон хотын аж ахуйн бусад чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх боломж бүрдүүлэх зорилгоор онцлог заалтууд тусгасан байна. Тухайлбал, нийслэл нь өмчтэй байж үнэт цаас гаргах, концесс олгох, албан татварын хэмжээг тогтоохоос гадна хотыг хөгжүүлэх санг тодорхой эх үүсвэрүүдээс бүрдүүлж, зарцуулах боломжтой аж. Харин нарийвчилсан харилцааг нь Өрийн удирдлагын, Татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулахаар дагалдах хуулийн төсөл боловсруулсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн бүрэн эрхийг дөрөвдүгээр бүлэгт нь тодорхой тусгажээ. Гэхдээ хотын аж ахуйн зарим бүрэн эрхийг хотын ерөнхий менежерт шилжүүлж болох аж. Харин нийслэлийн удирдлага нь засаг захиргааны бусад нэгж, төрийн дээд байгууллагатай хэрхэн харилцах талаар дараагийн бүлэгт нь заасан байна. “Нэгжийн хууль”-д тусгаснаар “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх, эс дэмжвэл Ерөнхий сайдад саналаа уламжлах” боломжтой. Тэгвэл нийслэлийн (хот болохынх нь хувьд) Засаг дарга нь тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг онцлог субъект учир энэ чиглэлээр Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг байхаар зохицуулжээ.
Сонирхуулахад, нийслэл хотын оршин суугчийн эрх, үүргийг хуульчилж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангах, замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулахаар тусгасан байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ДАГНАН, ЭСВЭЛ ХОСЛУУЛАН БАЙГУУЛНА
Нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх, эдийн засгийн бүс байгуулах талаар зургадугаар бүлэгт нь заажээ. Тодруулбал, дагуул хот нь эдэлбэр газартай байх бөгөөд “Хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, ложистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар” гэж үүнийг тодорхойлсон аж. Дагуул хот бий болгох, эсэхийг УИХ шийдэх нь. Мөн дагуул хотод эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжтой юм байна. Олон улсын туршлагыг судалсны үндсэн дээр эдийн засгийн тусгай бүсийг мэдээллийн технологи, инновац, аялал жуулчлал, соёл амралт, хөнгөн үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр дагнан, эсхүл хослуулан байгуулж болохоор төсөлд тусгажээ. Үүний газар нутгийн хэмжээ, байршлыг Засгийн газар шийдэн, хуульд заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх нь.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Хот байгуулалтын, Өрийн удирдлагын тухай хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах аж. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуульд Улаанбаатар хотын ерөнхий архитекторыг нээлттэй сонгон шалгаруулж, нээлттэй сонсголын үндсэн дээр нийслэлийн Засаг дарга томилохоор тусгажээ.