Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, наадмаар ес хоног амрах шийдвэр гаргажээ. Уг нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жил бүрийн долдугаар сарын 11-15-нд бүх нийтээрээ тав хоног амрахаар заасан. Энэ жилийн хувьд долдугаар сарын 10-нд бямба, 16-нд баасан гараг тохиож байна. Тэгвэл Засгийн газраас 16-ны баасан гаргийг амралтын өдөр болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр ирэх сарын 10- 18-нд нийтдээ ес хоног амрахаар болов. 16-ны баасан гаргийн ажлын өдрийг ирэх сарын 24-ний бямба гарагт шилжүүлэх нь. Амралтын өдрүүдэд иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүссэн юм. Тэрбээр “Баяр наадмын үеэр монголчууд ес хоног амарна. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох багасгах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөл бүрдүүлнэ” гэж мэдээлсэн.
Улаанбаатар хотод Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулахаар холбогдох байгууллагынхан өдгөө бэлтгэл хангаж байгаа. Аймгуудын тухайд цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх сарын 20 хүртэл наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнээс цааш хэрхэхийг орон нутгийн Онцгой комисс нь шийдэх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, цар тахлын эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр наадам хийх, эсэхээ аймгууд өөрсдөө шийдэх юм.
Тэгвэл коронавирусийн халдвар голомтлон тархаж, нөхцөл байдал хүндэрсэн энэ үед наадам тэмдэглэхгүй гэж зарим аймгийн удирдлага мэдэгдэж эхэллээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, наадам зохион байгуулахгүй хэмээн шийдвэрлэснийг Засаг дарга Б.Азжаргал мэдээлэв. Тухайлбал, тус аймгийн төв болон сумуудад ирэх есдүгээр сарын 1 хүртэл ямар нэгэн ой, баяр огт тэмдэглэхгүй, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулахгүй нь. Түүнчлэн Өвөрхангай аймаг энэ жил Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд зарцуулахаар төсөвлөсөн хөрөнгөө “Ковид-19”-тэй тэмцэхэд буюу эмч, ажилтнуудын урамшууллыг нэмэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулахаар болжээ. Аймгийн Онцгой комисс хуралдаж ийнхүү шийдвэрлэсэн гэнэ.
Ташрамд дурдахад, орон нутагт цар тахлын нөхцөл байдал хүндэрч, шинэ голомтууд үүссээр буй. Үүнтэй холбоотойгоор өчигдрийн байдлаар 18 аймгийн 176 сумд хөл хорио тогтоожээ.
Бэлтгэсэн : М.Оч