УОК-ын шийдвэрийн дагуу усан бассейныг 10 хоног хаасны улмаас “Токио-2020” олимпод оролцох тамирчид бэлтгэл хийх боломжгүй болжээ. Улмаар тамирчид голд сэлж бэлтгэлээ хийж байна. Энэ үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Олон улсын хэмжээний мастер, усан сэлэлтийн тамирчин М.Дэлгэрхүүтэй ярилцлаа.
-Усан бассейныг хаасны улмаас голд бэлтгэлээ хийж байгаа таны бичлэг цахим орчинд тавигдсан. Бэлтгэлдээ гараад хэд хонож байхад УОК дээрх шийдвэрийг гаргасан бэ?
-Токио-2020 олимпод оролцох эрхээ авсны дараагаар коронавирус халдварын нөхцөл байдлаас хамаарч бэлтгэл хийх байрны олдоц муу байсан. Сүүлийн гурван сар бэлтгэлээ хангаж байсан. Бэлтгэлээ гайгүй сайн хийгээд жигдрээд байж байтал УОК-оос дахин усан бассейныг 10 хоног хаасны улмаас бэлтгэлээ хийх боломжгүй болсон юм. Гэвч бэлтгэлээ таслахгүйн тулд Туул голд сэлж бэлтгэлээ хийж байна.
-10 хоногийн хугацаанд хэр их бэлтгэл хийж амждаг вэ? Магадгүй энэ хугацаанд бэлтгэл хийгээгүй улмаас амжилт гаргах шат нэгээр хойшлох боломжтой юу ?
-10 хоног гэлтгүй, нэг өдөр ч бидний хувьд үнэ цэнтэй. Өнөөдрийн хувьд УОК-оос олимпод оролцох хоёр тамирчинд зөвшөөрлийн бичиг гаргаж өгч байх шиг байна. Үүнд маш их баяртай байна. Гэсэн хэдий ч Монголын усан спорт сонирхогчдын холбоонд өөрсдийн гэсэн бассейн байдаггүй улмаас хэцүү нөхцөл байдал үүсэж байгаа юм. УОК бол улсад харьяатай бассейн дээр бэлтгэл хий гэнэ. Гэтэл Монголд олон улсын стандарт хангасан бэлтгэл хийх боломжтой бассейн ганцхан байдаг. Тэр нь хувийн “Орчлон” сургуулийн бассейн. Тэр бичгээ бариад тус сургууль дээр очиход бэлтгэл хийх боломжоор маргааш, нөгөөдрөөс хангаж өгөх юм шиг байна. Хоёр тамирчин бэлтгэл хийх боломжоор хангуулсан гээд чимээгүй байж чадахгүй. Миний ард мянга, мянган хүүхэд залуус, эцэг эх бий. Юунд тулгуурлаж, бассейнуудыг хаагаад байгааг ойлгохгүй байна. Харин ч эсрэгээрээ Монголоос бусад бүх газрууд бассейнаа нээж байна. Анх коронавирусийн халдвар гарснаас хойш нэг ч хүн бассейнаас дамжиж халдвар аваагүй. Хэрэв бассейны байранд халдвар илэрсэн бол бид ингэж ярихгүй байсан.
Мөн усан бассейн, саун хоёрыг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Усан бассейнд халдвар тархах нөхцөл байхгүй. Ус нь нян устгагчтай байдаг. Харин саунд бол халдвар тархаж болзошгүй. Энэ хоёр нэрийг ялгаж шийдвэрээ гаргах нь зүйтэй байх. Тэгэхгүй хамтад нь уяад байх юм.
-Удахгүй олимп болох гэж байна шүү дээ. Тамирчдын зүгээс УОК-ын шийдвэр гарсны дараа хэд хоногийн дараа санал хүсэлтэй өгсөн бэ ?
-Бид шийдвэр гарснаас хойш гурав хоногт багтан олимпод оролцох тамирчдыг бэлтгэл хангах байрыг гаргаж өгөх хүсэлт хүргүүлсэн. Өнөөдөр асуудлыг маань шийдэж өгч байна. 5-6 хоногийн бэлтгэл алдагдчихлаа. Гуравхан долоо хоногийн дараа олимпын нээлт болох гэж байна. Энэ бол бидний хувьд асар үнэтэй цаг хугацаа. Олимпод явчхаад ирэхээр усан спортынхон амжилт гаргасангүй гээд биднийгээ ад үздэг. Ийм нөхцөл байдалд оруулчхаад амжилт бүү нэхэж, биднийг хэцүү байдалд оруулаач ээ.
-Хэд хоног Туул голд бэлтгэл хийсэн бэ?
-Амжилт гаргахад бидний хувьд бэлтгэл маш чухал. Иймд бэлтгэлээ таслахгүй тулд сайн дураараа Туул гол дээр 2-3 удаа очиж бэлтгэл хийсэн. Стандартын бус газар бэлтгэл хийх нь эрсдэлтэй. Жишээ нь, голд сэлж бэлтгэлээ хийж байхад ямар нэгэн гадны биетээс болж бэртэж, гэмтэх магадлал өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө эрүүл мэндийг дэнчин тавьж, цаг хугацааг алдахгүйн тулд бэлтгэлээ хийсэн. Мөн цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор голд бэлтгэл хийх боломжгүй болсон.
-Манай улсад усан сэлэлтийн спортоор хичээллэхэд зориулсан улсын өмчид байр байдаггүй. Улмаар тамирчид хувийн байгууллагад сар бүр мөнгө төлж бэлтгэлээ хийдэг гэсэн. Сард хэдэн төгрөгийн төлбөр төлж, бэлтгэлээ хийдэг вэ?
-Томоохон уралдаан тэмцээнд оролцох үед уураг, бэлдмэл, төлбөр мөнгөний хангалтыг төрөөс өгдөг. Байнгын дэмжлэг үзүүлдэггүй. Бүгд л ажил хийж олсон мөнгөөрөө бэлтгэл хийх газраа түрээсэлдэг. Нэг сард 300-400 мянга төгрөг бэлтгэлдээ зарцуулдаг.
-Таны хувьд усан сэлэлтийн спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Миний хувьд тасралтгүй 12 жил усан сэлэлтийн спортоор хичээллэж байна. Энэ хугацаанд өөрийн халааснаас бүх зардлаа гаргаж бэлтгэлээ хийж ирсэн. Бид “Орчлон” сургуулийн бассейнд бэлтгэл хийж байсан ч УОК-ын шийдвэрийн дагуу тус бассейн хаагдсан.
-Усан сэлэлтийн спортоор хичээллэхэд таньд ямар мэдрэмж төрдөг вэ ?
-Усан сэлэлтийн спортоор хичээллэхэд хүн эрүүл чийрэг байдаг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн өвчин зовлонгүй байна гэдэг бол хамгийн сайхан зүйл.
-Олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа оролцож байсан. Ямар амжилтууд гаргаж байв
-2015-2019 оны хооронд дэлхийн усан сэлэлтийн тэмцээнд тасралтгүй оролцож байв. Миний хамгийн дээд амжилт гэвэл 200 гаруй улсын тамирчдаас 50 дугаар байранд орж байсан. Энэ амжилтаа би чамладаггүй. Яагаад гэхээр өнөөдөр би чадахгүй байлаа гэхэд дөрвөн жилийн дараа гэхэд миний доод үеийн тамирчид олимпод амжилт гаргах бүрэн боломж бий.