Ойрын өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр бороо орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй талаар Цаг уур, орчны шинжилгээний болон Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж, иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байсан билээ. Тэгвэл Говьсүмбэр аймгийн Шивээговь сумд их хэмжээний мөндөр орж, барилгын хана, автомашины шил зэргийг хагалж, ихээхэн хохирол учруулжээ. Энэ талаар тус аймгийн Засаг дарга П.Ганчимэгээс тодруулахад "Мөндрийн голчийг одоогоор тогтоогоогүй байна. Манай сум таван давхар, 16 орон сууцтай. Одоогоор тус орон сууцын бүгдийнх нь баруун талын цонх хагараад байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн барилгын цонх, гадна пассат цөмөрч, их хэмжээний хохирол учрууллаа. Мөн иргэдийн автомашины цонх хагарч, төмөр хийц нь цөмөрсөн байна. Сумын Онцгой комиссоос ажлын хэсэг гаргаж, хохирлын хэмжээг нарийвчлан гаргана. Мөндөр 10 орчим минут орсон боловч их хэмжээний хохирол учрууллаа" гэв. Бид түүнтэй 13.25 цагт холбогдож, нөхцөл байдлын талаар тодруулахад мөндөр орж дуусаад 30 минут л өнгөрч байна гэсэн юм.