Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шовголдой гэх газар өчигдөр 18.00 цагийн орчимд аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өдрийн 18.02 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн гэнэ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 километр замыг туулан 20.05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай хамтран түймрийг цурамд оруулж, өнөөдөр 02.25 цагт бүрэн унтраажээ. Одоогоор Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн Засаг даргад тус газрыг аюулгүй болгон, хүлээлгэн өгчээ. Урьдчилсан байдлаар түймэрт 10.500 га талбай өртсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.