Чингис хааны хэмээн ярьж хэвшиж буй, албан ёсоор бол Чингис хаан, хаад язгууртны музей барилгын архитектурын шийдэл талаасаа эв хавгүй, болхи гэж шүүмжлүүлж байна. Хариуцаж буй яам, мэргэжилтнүүд нь “Барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болсон. Удирдлага нь томилогдсон. Ажилтнууд нь тодорсон. Үзмэрийн бүрдүүлэлт төдөн хувьтай байна” гэх зэргээр мэдээлсэн. Гэсэн ч нэгэн цагт “Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болох юм” хэмээн мэдэгдсэн түвшинд хүрсэн үү, үгүй юү гэсэн эргэлзээ төрж байна.
Музейн барилгын ажил ерөнхийдөө дуусжээ. Дөрвөлжиндүү гэхээр хэлбэртэй, зэвхий саарал өнгөтэй, монгол гэх зүйлгүй, хажуу хавийнхаа, ялангуяа хуучны Улаанбаатарын өнгө төрхийг илтгэн, манай найрагчид нийслэлээ “Азийн цагаан дагина” хэмээн өргөмжлөхөд онцгой үүрэг гүйцэтгэж байсан байшингуудтай харьцуулахад орос “хороом”-уудын дунд ажлын хар гутал жайжийж харагдах лугаа адил байшин болжээ. Түүний дэргэд нураасан байшин нь дэгжин бүсгүй үдэшлэгт өмсдөг өндөр өсгийт лүгээ адил донжтой байсан сан. Тэр байшин худалч хүнд ойртоод очиход өөдөөс инээмсэглэн угтдаг байлаа хэмээхээр тийм дотно мэдрэмж төрүүлдэг байв. 1970-1980-аад онд та бидний Улаанбаатарын төв хэсэг хаанаас нь ч харсан Монгол Улсын нийслэлийг илтгэм имижтэй байсныг гэрэл зургаас бэлхнээ харж болно. Тухайн үеийн хотын ерөнхий архитектор, түүний багийн ажлын үр дүнгээр өнөөдөр бид улсын төв цэгт дөнгөж босгоод буй музейн барилгын зураг, шийдэлд дүн тавьж байгаа нь энэ буюу.
Монгол Улс нь барилга, байшингийн хувьд тухайлбал, Европ, өмнөд, хойд хөрштэйгөө харьцуулахад дурсгалт объект цөөтэй. Саяхныг болтол, тодруулбал, 100 жилийн өмнө гэхэд нийтээрээ шахам малаа даган нүүдэллэн амьдарч байсан монголчуудад суурин амьдрал, өндөр барилгын хэрэг үгүй байв. Хөгжлийн явцад нийслэлдээ хэдэн байшинтай болсон. Тухайн цаг үеийн сэхээтнүүд, уран бүтээлчдийн сэтгэлгээний тусгал, толь болсон соёл урлагийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах барилгууд болон тэдгээртэй дүйцэхүйц загвартай орон сууцуудыг хотын төвийн тойрогт барьсан түүхтэй. Тэдгээрийн нэг нь барилга архитектурын дурсгалаар бүртгэсэн Байгалийн түүхийн музей байв. Түүнийг нураагаад оронд нь ийм дөрвөлжин саарал “ордон” босгочихлоо.
Барилга архитектурын дурсгал гэдгийн утга, агуулга нь тоосго өрж, гоёж чимэн босгосон байшингийн хэв загвар нь түүнийг хэрэглэгчдийн сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээснээр хэмжигддэг. Үүний зэрэгцээ түүн дотор үзэж харсан бүхэн, болж өнгөрсөн дахин давтагдахгүй үйл явдал, соёлын мартагдашгүй үйлчилгээ, хүүхэд болон залуу насны, магадгүй хайр сэтгэл, анхны учралын гэх мэт гэгээн, хүсэл тэмүүлэл бүхий дурсамж хэр байсан бэ гэдгээр хэмжигддэг. Анхлан Улсын төв музей байгаад, сүүлд нь Байгалийн түүхийн музей болгон олон жил ашигласан, шаардлага хангахгүй гээд нураасан барилга үе үеийн монголчуудад ийм үнэ цэнтэй байсан. Гаднах шавар нь нурж, дотроо шал нь навталздаг болсон байсан нь үнэн. Тийм ч болохоор мэргэжлийн хяналтын байгууллагынхан цаашид ашиглаж болохгүй гэж дүгнэсэн байх. Шинээр барилгүй яах вэ. Гэхдээ дээр дурдсанчлан тэдгээр музейгээр үйлчлүүлж, танин мэдэж өссөн иргэдийн хамгийн сайхан дурсамжуудыг хэвээр үлдээж хүндэтгэх үүднээс дизайныг нь хуулбарлан дуурайлгаж барьсан бол олны талархлыг ихэд хүлээх байлаа. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгчээр одоо олныг нуршаад нэмэргүй болсон ч энэ бүхнийг зайлшгүй дурдах шаардлагатай.
Барилгыг нураагаад, шинийг маш хурдан барьсан шигээ музейн үзмэрүүдийг бас үтэр түргэн бүрдүүлж, нээлтийг нь хийж, улаан тууз хайчлахаар зэхэж буй тухай мэдээлэл байна. Засгийн газраас уг музейг Ардын хувьсгалын 100 жилийн ой буюу наадмаас өмнө ашиглалтад оруул хэмээн үүрэгдсэн ч хэчнээн хурдаллаа ч амжихаа байсан аж. Тиймээс долдугаар сард багтаан ашиглалтад оруулах даалгавартайгаар музейн захиргааныхан ажиллаж буй гэнэ. Анхны төслөөр бол Чингис хааны музей байсан ч дан ганц их хаанаар дагнавал олон нийтэд үзүүлэх харуулах юмгүйднэ хэмээн хэлэлцээд, агуулгыг өргөтгөж Чингис хаан, хаад язгууртны музей болгосон. Үүний буруу гэж юу байх вэ. Харин ч ончтой болов уу. Тэгвэл өдгөө асуудал үзмэрт байна.
Музейн сан хөмрөгийг бүрдүүлэхийн тулд түүх, археологийн салбарын хүрээлэнгүүдийг голчлон дайчилж, хаадын холбогдолтой олдвор, бүтээл, туурвил хаана байгааг цуглуулах чиглэл баримталж буй бөгөөд өнгөрсөн өвөл гэхэд үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай байна хэмээн салбарын сайд нь УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанд мэдээлсэн билээ. Үзүүлэн, үзмэр худалдаж авахад зориулсан 10 орчим тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгасан гэж буй.
Үзүүлэн, үзмэр гэдэгт зураач, урчуудаар шинээр туурвиулах бүтээл багагүй жин дарах аж. Одоогоор тодорхой сэдвийн дагуу зурж, урлаж буй бүтээлчид байна. Тэдний олонх нь уг музейн долдугаар сарын 31-нд болох нээлтийн өмнө ажлаа амжуулахаар “яарч, даарч” байгаа гэнэ. Зураачдын багийнхан Соёлын яаманд хандаж “Ийм богино хугацаанд чанартай бүтээл гаргах хэцүү. Дуурайлгах маягаар л хийх болно. Ардын хувьсгалын 100 жилээс өмнө амжуулах гэхээс илүүтэй цаашид 100 жил оршин тогтнох хаадын музейгээ хамгийн гоё зургуудаар тоногловол сайн сан. Наанадаж хоёр, гурван жил хэрэгтэй” гэж хэлсэн ч хугацаа бага учир яарах хэрэгтэй л гэж. Ийм хариу сонссон зарим зураач “Түүхчид, судлаачдаа ажиллуулахгүй, зөвлүүлэхгүй бол зурахгүй, чадахгүй, оролцохгүй. Мэргэжлийн бус зүйл хийхгүй, өөрөөсөө урвахгүй” гэдгээ хэлжээ. Наанадаж Цонжинболдог дахь Чингис хааны морьтой хөшөөг хэдэн хүн хэдий хэрийн хугацаанд бүтээсэн билээ. Өмнөд хөршийн Ордос дахь Чингис хааны музейн ханын 52 метр урттай сэдэвчилсэн цуврал зургийг БНХАУ-ын Дүрслэх урлагийн академийн чимэглэх зургийн тэнхимийн эрхлэгч, зураач Сун Жин Бо нь “Монголын нууц товчоо” зохиолын таван эх сурвалжийг харьцуулан судалж, туслах 10 зураачийн хамт есөн жил зурсан гээд бодохоор дэлхийд ганц хэмээн тодорхойлж буй музейнхээ үзмэрийг хэдхэн сарын хугацаанд бүрдүүлээд, улаан тууз хайчлахаар шамдах нь замыг, замын инженерийн зургийг гажуудуулан бариад, сонгуулиас өмнө ашиглалтад оруулдгаас ялгаагүй мэт.
“Бушуу туулай борвиндоо баастай” гэсэн үг бий. Чингис хаан, хаад язгууртны музейн үүдийг дарга нарын даалгаснаар долдугаар сард багтаан нээх гэж яарах нь Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, оронд нь эв хавгүй дөрвөлжин саарал байшин босгосноос долоон дор үйлдэл болно. Нэгэнт “Алдарт 100 жил”-ээс өмнө амжихаа больсон тул яаралгүй, долоо хэмжиж, нэг огтлох зарчмаар нухацтай хандаж, чанартай үзмэрүүд бүхий, жинхэнэ утгаар нь дэлхийн музей болговол дээр сэн.
Хөгжилтэй улс гүрнүүдэд түүх, соёл, уран барилгын дурсгалт барилга бүрээ дархлан хамгаалж, ямбий ч гэсэн түүх өгүүлэн байгаа чигээр нь үнэд оруулж, олон сая хөрөнгийн эс үүсвэр болгож чаддаг байхад манайхан л нүдэнд орсон хог мэт нүд үзүүрлэн нурааж, сөнөөдөг байх нь энэ үеийн эрх мэдэлтнүүдээр дуусгавар болоосой. Шинээр барьсан байшин нь үзэмж муутайн хэрээр доторх үзмэр, үзүүлэн, таниулах материал нь тааруу байвал бүр өнгөрлөө л дөө.