Гоодойн ам. Өнгөц харахад, уул, ус тэгширсэн, ургамал ногоо жигдэрсэн сайхан газар байвч ойн гүндээ өөр дүр зураг “нуух” аж. Хатсан, өгөрч унасан, гэмтсэн хус хаа сайгүй. Амьд сэргэгээсээ унанги, үхмэл мод олон байв. Эл амны энгэр дэх ойн гүн рүү хүмүүс өмнө нь машинтай зүтгүүлдэг байсан бол одоо тэгэх боломжгүй. Унанги модод зам хөндөлдөж, зорчих аргагүй болгожээ. “Ой өөрийгөө хамгаалж буй хэрэг” хэмээн зарим оршин суугч баярлаж сууна. Зуслангийн бусад бүстэй харьцуулахад тэнд төвлөрөл сийрэг, зохион байгуулалттай юм шиг харагдавч тиймгүй аж.
Зэрлэг амьтдын аранга болсон сараалжин, эзэнгүй хашаа ойн сан бүхий газарт өчнөөн дайралдав. Уулын орой бүхий өндөрлөг хэсэгт ч “нууц ноёд” төмөр тор татаж, хажууд нь харуулынх гэмээр жижиг сууц байрлуулжээ. Гоодойн аманд ийнхүү олон хүн эзэн суусны хэрээр ой нь ихээхэн доройтсон байна. Тэр дундаа ойн өчүүхэн бага хувийг эзлэх атлаа экологид үлэмж их хэмжээний ач холбогдолтой хус модны нөөц жилээс жилд багасаж, сүйдэж байгааг оршин суугчид нь онцолсон юм.
Хус модыг ашгийн нүдээр хардаг, мөнгө олох зорилгоор хайр гамгүй сүйтгэдэг хүмүүс Гоодойн амыг онилжээ. Тэд жил болгоны хавар (тавдугаар сард) олон арван хусны шим шүүсийг “сорж”, амийг нь тасалж байна. Хэдэн талаас нь нүхэлж, гуурс байршуулаад, ундаа, усны хуванцар сав өлгөчихдөг аж. Зарим нь хэд хоногийн дараа энэхүү “чимэглэл”-ээ модноос авдаг бол нөгөө хэсэг нь мартаж орхидог гэнэ. Ойр хавийн оршин суугчид тэдэнтэй тэмцээд, холбогдох байгууллагуудад хандаад ч хүчирдэггүй юм байна.
Энэ асуудлыг цаг үргэлж хөндөж, ойгоо хамгаалахыг уриалж буй иргэн Г.Ганзориг “Манайх 2014 оноос хойш энд амьдарлаа. Тэр үед Гоодой ийм байгаагүй. Үхэж, хорчийсон модоор дүүрлээ. Уулын ам руу алхах бүртээ сэтгэл шимшрэх юм. Таван сарын сүүлчээр ойгоор нэг хуванцар сав хөглөрдөг. Энэ жил ч ялгаагүй. Ийм 20 гаруй мод би саяхан олж, дөнгөнөөс нь салгасан. Зарим нь дүүрээд, шүүс нь гоожиж байв. Хоёр жилийн өмнө ийм өчнөөн модтой таарч байлаа. Сүүлдээ эзэнтэй хашаануудын ойролцоох моддыг нүхэлж, гуурс шургуулах болсон. Нэг залуу манай хашааны модонд хуванцар сав саяхан байрлуулж байгаад халз таарсан юм. Ямар зорилгоор ийм зүйл хийснийг нь асуухад хусны шүүс худалдаж авдаг хүмүүст өгнө гэсэн. Долоон буудал орчимд авдаг хүмүүс байдаг юм билээ” хэмээн ярив.
Тэрбээр фэйсбүүк дэх “Гоодойн ам-зуслангийнхан” бүлгэмд хэд хоногийн өмнө энэ талаар бичжээ. “Үхэжсэн, хугарч унасан мод сүүлийн жилүүдэд элбэгшсэн нь хусны шүүс авах зорилгоор хайр гамгүй нүхэлж, сийчдэгтэй холбоотой. Хүчилтөрөгчийн эх булаг болсон хусан ойгоо ашиг хонжоо хайгчдаас хэрхэн хамгаалах вэ. Энэ модны “цус”-ыг уухгүй л бол үхчих гээд байдаг юм уу” хэмээн шогширсон түүний нийтлэлийн доор олон хүн санал нэг буйгаа илэрхийлж, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагын анхаарлын төвд хүргэхээр “нэр цохож”, онцолжээ.
Зарим нь эдгээр байгууллагынхантай холбогдож, мэдээлэл хүргэсэн байв. Тэд “Гомдол, мэдээллийг хүлээж авлаа” гэсэн хариу хэлсэн аж.
Тэндхийн оршин суугчдын нэг Ш.Мөнхцэлмэг “Манай гэрийн ойролцоох ихэнх хус шүүсийг нь авснаас болж, хорчийж, хатсан. Хүмүүс голоос ус зөөх гэж байгаа мэт сав суулга бариад, ой руу явж харагддаг. Жимс, эмийн ургамал түүх зорилготой хүмүүс ч байнга ирдэг. Архидан согтуураад, энд тэнд бие засаж, хогоо овоолоод орхидог залуус ч бий. Би Гоодойн аманд 2010 оноос хойш амьдарч байна. Хөл хөдөлгөөн багатай, дээхэн хэсэгт (ам руугаа)-ээ гүзээлзгэнэ, гишүүнэ ургадаг ямар сайхан газар байлаа. Одоо эмзэглэмээр болсон. Үзэсгэлэнтэй байгальтай, хус модтой учир кино, клипний зураг авах зорилгоор уран бүтээлчид энүүгээр их ирдэг байв” гэсэн юм. Тэнд амьдардаг өөр нэг танил минь “Шинэс, нарс нь зүгээр атлаа хуснууд нь хорчийгоод, өгөрчихсөн. Шалтгаан нь тодорхой. Шүүсийг нь юүлж авсантай л холбоотой. Газраас шим тэжээл авч, урган төлжих боломжгүй болгочихоор аргагүй шүү дээ. Бид энэ асуудлыг зуслангийнхантайгаа, хөршүүдтэйгээ өчнөөн удаа хэлэлцсэн. Нэмэргүй юм билээ. Хийж чадах зүйл алга” гэв.
Сүхбаатар дүүргийн XIX хорооны нутагт хамаарах Гоодойн амыг байгаль хамгаалагч Н.Бүрнээбаяр хариуцдаг. Хус модонд дайсагнадаг хүмүүстэй хэрхэн тэмцэж, ямар арга хэмжээ авдгийг түүнээс тодруулахад “Эндхийн хус их унасан. Зарим нь цас, бороо, ширүүн салхины ая даахгүй байна. Хүмүүс гэмтээсэн нь ч олон. Жил бүрийн хавар буюу дөрөвдүгээр сарын 25-наас эхлээд л ойгоо самнаж, ийм зөрчил гаргагчидтай тэмцдэг. Дийлдэхгүй юм. Гоодойгоос гадна Уртын, Богинын ам, Шадивлан зэрэг хэдэн газар давхар хариуцдаг учраас хүчрэхгүй байна. Оршин суугчид энэ тухай гомдол, мэдээлэл байнга ирүүлдэг. Үйлдэл дээр нь илрүүлсэн тохиолдолд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах ёстой. Гэвч дийлэнх тохиолдолд хэзээ хойно нь мэддэг” гэв. Энэ жил хур бороо элбэг, сэрүүхэн зун болж байгаа учраас олон хус байгалийн жамаар унасан гэж түүний ярьсныг иргэн Г.Ганзориг үгүйсгэлээ. Биднийг Гоодойн аманд замчилж хүргэсэн тэрбээр “Байгалийн аясаар, салхи шуурганд хус олноороо уналаа гэдэг. Энэ бол үндэслэлгүй дүгнэлт. Мод хөгширч, үхжих нь жам ёсных. Гэхдээ залуу мод зөндөө үхсэн. Өгөрч, хугарсан хусны дийлэнхийг нь нүхэлсэн байгаа нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйг баталж буй хэрэг” хэмээсэн юм.
Монгол орны навчит моддын дотроос хамгийн ашигтай нь хус. Ойн экосистемд онцгой ач холбогдолтойгоос гадна ядаргаа тайлах, бөөр, давсагны үрэвсэл намжаах, үе мөчний өвчин анагаах шидтэй. Эл модны нөөц манай орны ойн сангийн 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, ач тус нь их боловч тархац нь хязгаарлагдмал. Гэвч хүмүүс энэ онцлогийг нь чухалчлалгүй, түүнээс шим шүүсийг нь авахыг л боддог аж. Ингэхдээ амийг нь тасалж байна. Үүний уршгаар Монгол орны хусан ойн нөөц эрс багасжээ. БОАЖЯ-ны Байгаль орчны төлөв байдлын тайланд энэ талаар “Монгол орны хэмжээнд өргөн тархсан 12 зүйлийн хусны нөөц 1998 оныхоос (2019 оны байдлаар) 40 хувиар багассан” гэжээ. Иргэд хусны шүүсийг уух, модлогоос нь цууны хүчил, ургамлын спирт, техникийн тос, эмийн бодис гарган авах зорилгоор түгээмэл ашиглаж байна хэмээн онцолжээ. Тэрчлэн суурьшлын бүсэд ойр байрлах хусан ойгоос хүмүүс түлшний зориулалтаар мод бэлтгэх нь түгээмэл гэнэ. Зарим нь зөвхөн ил галд чимэг болгох зорилгоор хусыг гэмтээж, унагаадаг аж. Нийслэлд хамгийн ойр орших Гоодойн амны хусан ой ч эдгээр дарамт, заналхийллийг бүгдийг нь амсжээ.
Ш.Мөнхцэлмэг “Түлшний зориулалтаар, хулгайгаар мод бэлтгэдэг айлууд ч бий. “Унанги, өгөршсөн хус түүлээ” гэдэг. Үнэн, эсэхийг яаж мэдэх билээ. Боломжтой бол энэ хавьд камер байршуулчихмаар санагддаг юм” хэмээсэн.
Хуснаас нэг удаа авах шүүсний хэмжээ таван литрээс илүүгүй байх ёстой гэнэ. Гуурс шургуулах зорилгоор нүх, хөндий гаргасан тохиолдолд модон шаантгаар заавал бөглөдөг аж. Модны их бие, иш, мөчир зэргийг гэмтээхгүйн тулд гуурсыг нэгээс олон хонуулахыг хориглодог юм байна. Гэвч хүмүүс энэ тухай төдийлөн мэддэггүйгээс хусыг дахин төлжих, ургах боломжгүй болгодог.
“Монгол орны лавлах” номд энэ тухай “Монголчууд хусны шүүсийг эмчилгээний зориулалтаар эртнээс ашиглаж ирсэн. Шүүсийг тохиромжтой үед (тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 5) зохих хэмжээгээр авч, өдөрт нь ашиглавал үр дүнтэй. Сүүлийн үед хүмүүс хусны шүүсийг авахдаа зориулалтын өрмөөр бус, өөр багаж хэрэгслээр нүхэлж, түүнийгээ таглахгүй орхиж байна. Хус мод шүүсээ навч руугаа эрчимтэй урсгаж, шим тэжээлээ солилцдог. Таглахгүй орхисон нүх энэ солилцоог зогсоосноор мод чийгээ гадагш алдаж, хуурайшдаг. Улмаар өгөрч, ургалт нь зогсдог. Ухамсар дорой хүмүүсийн балгаар шим шүүст хус мод 50, 60 бүү хэл, 20 насалж ч чадахгүй байна” гэжээ. Гоодойн амны хусан ойд бөгтийж, гудайсан залуу мод хаа сайгүй дайралдсаны шалтгаан нь энэ аж. Залуу модод “амьсгал”-аа эрт таслуулж, хөгшин нь өгөршиж, доройтсоор энэ ойн нөөц барагдаж дуусах нь.