Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганы нэглдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ийн хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Нийслэлийн эрх зүйн тухай хуулийн төсөл нь Улаанбаатар хот нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх боломжийг олгож хурдацтай хөгжих хөгжлийн хөшүүрэг болох хууль юм. Энгийнээр тайлбарлавал Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжүүдийн төлдөг татвар, дэмжлэг зэрэг бүхий л зүйлс орон нутагт биш Улаанбаатар хотын хөгжил дэвшил, тулгамдаж буй олон асуудлыг шийдэх, иргэдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх боломжийг олгож байна. Ингэснээр бид Улаанбаатар хотыг бусад улсын нийслэлүүд шиг өндөр хөгжилтэй, дэд бүтэцтэй, инновацилаг, аялал жуулчлалын бүстэй, хосолсон эдийн засаг бүхий томоохон хот болгох боломж бүрдэнэ.