Нийслэл хотод тулгамдаж буй нэн даруй анхаарал хандуулан, шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг бол цэвэр усны нөөцийн хомсдол юм. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар 2021 оны байдлаар нийслэл хот маань цэвэр усны нөөцийнхөө 50 хувийг ашигласан байгаа бөгөөд 2030 онд цэвэр усны хомсдолд орох эрсдэл нийслэл хотын өмнө тулгараад байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх хүрээнд цэвэр усны зарцуулалт өндөр болох орон сууцад ухаалаг тоолуурт суурилсан техник, программ хангамжийн цогц шийдлийг бий болгох, усны хяналтын нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх, саарал усны хэрэглээг үе шаттайгаар нэмэгдүүлэх, инновацлаг техник технологийн шийдлийг нутагшуулах, шинээр баригдах орон сууцад ахуйн хэрэглээний усыг дахин ашиглах шийдлийг нэвтрүүлэх цогц ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, “Нийслэлийн хэмжээнд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох хууль, эрх зүйн орчны судалгаа хийх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” үүрэг чиглэл бүхий ажлын хэсгийг байгуулж, нийслэлийн өмнө тулгарч буй уг асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан ажиллаж байна.