Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд зургадугаар сарын 10-наас хөдөлгөөнт завьтай эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьтай эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан найман иргэнийг аварч, мөн тооны автомашиныг татаж гаргасан гэнэ. Түүнчлэн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын дуудлагаар шуурхай ажиллан, хоёр иргэний амийг аварчээ.
Завьта эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 270 гаруй алба хаагч, 50 автомашин, 22 завьтай, дүүргийн цагдаагийн хэлтсээс 17, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын таван алба хаагч ажиллажээ. Тэд голын усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж яриаг 13.878 иргэнд хүргэж, 3023 автомашиныг голын эргээс холдуулж, аюулгүй байдлыг ханган ажилласан байв.