"Гялгар уутгүй Монгол" хөдөлгөөнийхөн хаягдал шил худалдан авч, дахин боловсруулахаар болжээ. Тодруулбал, тус хөдөлгөөнийг санаачлагч М.Бүжинлхам хаягдал шилийг худалдан авч, дахин боловсруулахаар үндэсний томоохон компаниудтай хамтран ажиллах болсон талаар мэдээлэв. Тэрбээр "Автомашины салхивчийн шилнээс бусад бүх төрлийн шилийг хэлбэр, хэмжээ, өнгө харгалзахгүйгээр худалдан авч, дахин боловсруулан дулаалгын материал хийхээр ажлаа эхлүүллээ. Орон нутгийнхан ч эл ажилд идэвхтэй оролцож байна. Хаягдал шилийг хүлээн авах цэг маань "Хонхор" өртөөнд байрлаж буй. Харин нийслэлийн оршин суугчид "Түвшинсайхан" төвд байрлах шил худалдан авах төвөөр үйлчлүүлэх боломжтой. Бид нэг килограмм шилийг 20 төгрөгөөр худалдан авдаг. Мөн орон сууцын СӨХ-д манайхтай гэрээ хийж, хаягдал шилээ нийлүүлэх боломжтой. Одоогоор "MCS", "Жем Интернэшнл" зэрэг компанитай хамтран, хаягдал шилийг нь үнэгүй авч, дулаалгын материал үйлдвэрлэхээр ажлаа эхлүүлээд байна. Цаашид жилд 8-10 сая тонн хаягдал шилийг дахин боловсруулахаар төлөвлөсөн" гэв.