Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт галт тэрэг осолдсоны улмаас шатахуун асгарч, байгаль орчныг ихээхэн бохирдуулаад буй. Одоогоор орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авахаар ажлын хэсэг гаргасан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлэв. Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой хэмээн газар осолдсон билээ. Тодруулбал, их хэмжээний борооны улмаас төмөр замын ул шороо усанд автаж, эвдрэл үүссэн юм. Ачааны галт тэрэгний есөн вагон осолдсон бөгөөд долоо нь дизель түлш ачиж явсны гурвынх нь шатахуун асгарч, орчны бохирдол үүсгээд буй. Ослын улмаас 80-100 тонн шатахуун гурван га талбайд асгарсан гэнэ.
Мөн тус газар орчмын байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 сантиметрийн гүнтэй хөрс хуулалт хийж, цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авчээ. Хөрс болон уснаас гурван байрлалаас дээж авч шинжилгээ хийн байгаль орчинд нөлөөлөх хохирлын үнэлгээг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна ургамлын төрөл зүйлийг тогтоож, хорт бодисыг саармагжуулах, хөрс, усыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг шинжилгээнд үндэслэн шат дараатай авна хэмээн БОАЖЯ-наас мэдээлсэн юм. Одоогоор хуулсан эрүүл хөрсийг буцааж дэвссэн бөгөөд Орхон голын усанд бохирдол ороогүйг тогтоогоод байгаа аж.