Цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалинг нь хоёр дахин нэмэх шаардлагыг Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус холбооны төлөөлөлтэй өнгөрсөн бямба гарагт уулзаж, санал, хүсэлтийг нь сонслоо. Төр, засгаас цар тахлын үед эмч, ажилтнуудад илүү цагийн урамшуулал олгосон гэж буй. Гэсэн ч бодит байдалд эмч нар олигтой цалин авч чадахгүй байгааг тус холбооныхон хэлэв. Түүнчлэн эмчилсэн иргэн бүрийнх нь тоогоор 70 000 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг өрхийн эмнэлгүүдэд олгохоор болсон ч хэрэгжүүлэхгүй байгааг хөндлөө. Мөн “Ковид-19”-өөр өвчилсөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хасах бус, бүтнээр олгохыг Эрүүл мэндийн сайдаас хүсэв.
Уг хүсэлтийг хүлээн авч, халдвар авсан эмч нарын цалинг бүтнээр олгох үүргийг бүх эмнэлэгт өгнө гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн юм. Тэрбээр “Цар тахлын үед эмч, ажилтнуудынхаа цалин хангамжийг нэмэх, урамшууллыг өсгөх боломжийг эмнэлгүүдэд бүрдүүлсэн. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй, эмч, ажилтнуудаа хохироож буй эмнэлгийн удирдлага бий. Тэдэнд хариуцлага тооцож, шаардлагатай бол хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэх талаар боломжтой бүх арга хэмжээг авна. Энэ талаарх саналаа Засгийн газарт удаа дараа өгсөн. Удахгүй нааштай шийдвэр гарна гэж найдаж байна. Хөнгөн өвчилсөн хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа өрхийн эмнэлгүүдэд иргэн бүрийн тоогоор 70 000 төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байгаа. Одоогоор 85 эмнэлэг нэхэмжлэхээ ирүүлж, 500 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санхүүжилтийг дүүргүүдэд, дүүргээс өрхийн эмнэлэгт хуваарилах ёстой. Энэ хуваарилалтын явцад саад бэрхшээл тулгарсан тохиолдол бий. Ийм тохиолдолд ЭМЯ-наас анхааруулж, шуурхай шийдвэрлэж байна” гэв.